АН-ын бүлэг өнгөрсөн хугацаанд эрх баригчдыг харзнасан, хүлээлтийн байдалтай хүндэтгэж ажилласан. Харин үүнээс хойш улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, эрх баригчдыг шахаж ажиллана гэж тус бүлгийн дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Мөн АН-ын бүлгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлэх шаардлагад манай бүлгийн гишүүдийн бүгдийнх нь санал орсон. Өнөөдрийн байдлаар 104 сум, хоёр аймаг, нэг дүүрэгт одоог хүртэл томилгоо хийгдээгүй байна. Үүнээс болж маш олон ажил удаашрах эрсдэл үүсч байна. Улс төрийн сонголтод хүндэтгэлтэй хандах байдалд эрх баригчид их хойрго байгаа. Мөн олон мянгаар нь хийж буй халаа сэлгээгээ зогсоо. Өвөлжилт хүндэрч байна. Мөн өвчлөлч их байгаа. Иргэдийн амьжиргааны асуудал ч хүндэрч байна. Тэгэхээр манай бүлэг Ерөнхий сайдад хүргүүлэх шаардлагадаа энэ бүхнийг тусгаж өгнө.МАН-аас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардана. Цаашид улс төрийн тэмцлийн идэвхтэй тэмцлийн байр сууринд шилжиж ажиллана. Дараагийн шаардлагаа тавьж улс төрийн томоохон дүгнэлт мэдэгдэл гаргаж ажиллана. Манай бүлэг өнөөдрийг хүртэл хүлээцтэй ажиллаж ирсэн. Олон түмний сонголтыг хүндэтгэж хүлээцтэй байж асуудулыг шийдэх болов уу, хийх болов уу гэж харж ирсэн.Гэтэл тэгсэнгүй. Тиймээс цаашид бид шаардлага тавьж ажиллана" гэж мэдэгдлээ.
Т.Энхэлээ