Засгийн газраас “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнг маргааш Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр товлосон. Гэвч тус банкинд хийсэн шалгалтын материал Ардчилсан намын бүлгийн гишүүдэд албан ёсоор ирээгүй байна. Тиймээс тус бүлэг “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулах санал гаргахаар болжээ. Хуулийн хугацаанд тараагдах ёстой материал өнөөдрийг тараагаагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар “Хөгжлийн банкнаас авсан томоохон зээлүүдийн 60 хувийг МАН-ын бүлгийн гишүүд авсан байдаг. Цаашилбал шалгалтын дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тараагаагүй байж шууд байнгын хороогоор хэлэлцэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл. МАН-ынхан ингэж хууль зөрчихөө зогсоох хэрэгтэй. Хөгжлийн банкнаас олон компани зээл авсан. Гэтэл ганц Ардчилсан намынхан хувааж аваад идчихсэн юм шиг ярих хэрэггүй. Зарим компанийн эргэн төлөлт ч асуудал үүсгэхээр байна” гэлээ.
Т.Энхэлээ