Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг, Жуковын музейн ойролцоох гудамжинд ажлаасаа таран алхаж явсан, эрэгтэй, 30 настай, иргэн О-г хажуугаар нь зөрж өнгөрөхдөө мөрлөлөө хэмээн зодож амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал эл хэрэг энэ сарын 14-ний өдрийн 22 цагийн орчимд үйлдлэгдсэн байна. Хохирогч О уучлалт гуйгаад зөрж өнгөрөх гэтэл өнөөх гурван залуу “Чиний уучлалаар бид яах юм бэ. Бид доод шинэ цэргүүдээ яаж сургадаг байлаа” хэмээн аархан, бүлэглэн зодож, амь намыг нь хөнөөсөн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч битүү бэртэл авч, дотуур цус алдаж нас барсан гэж гарчээ. Энэ хэрэг гудамжинд байршуулсан камерт хадгалагдан үлдсэн байна. Цагдаагийн байгууллага дүрс бичлэгийн тусламжтайгаар гэмт хэргийг хоёр хоногийн дотор илрүүлэн шалгаж эхэлжээ. Одоогийн байдлаар хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Хэрэгт шалгагдаж буй гурван залуу 20 настай, хувиараа бизнес эрхэлдэг байсан төдийгүй цэргийн алба хамт хаасан найзууд аж. Хэрэг гардаг өдөр гурвуул хамт архи ууж, согтсон үедээ хохирогчийг санаатай хоргоож, зодон, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ.
"Мөрлөлөө" хэмээн зодож амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
2016-11-26 16:22:06