
Нийслэлийн тээврийн газрын даргын тушаалаар баталсан “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслүүдийн хорт утаа ялгаралтын хэмжээг шугам замд шалгах тухай” удирдамжийн дагуу тус газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй 18-н аж ахуйн нэгж, байгууллагын 436 их багтаамжийн автобусанд шалгалт хийжээ. Шалгалтаар хорт утаа ихтэй 94 автотээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулсан зөрчил илэрсэн байна.
Иймд зөрчил гаргасан 6 аж ахуйн нэгж, байгууллагад Автотээврийн хяналтын улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай хугацаатай албан шаардлага хүргүүлж, 5 аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтан болон инженер техникийн ажилтан, 2 жолооч, нийт 7 албан хаагчдад тус бүр торгууль, шийтгэвэрийн арга хэмжээг тооцжээ. Мөн цаашид зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан шаардлагын биелэлтэд Нийслэлийн тээврийн газраас хяналт тавьж байгаа аж.



