Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгийн хилээр гарах эрхийг хориглоод байгаа билээ. Тодруулбал, түүнийг энэ сарын 5-ны өдөр Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан юм. Хилийн хоригийг прокурорын байгууллагаас тогтоосон бөгөөд ямар үндэслэлээр тогтоосон бэ гэдгийг өөрсдөө албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм.
Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжиж орсон учраас хилийн хориг тогтоосон гэх мэдээ олон нийтэд хүрсэн. Тэгвэл эл мэдээллийн талаар Монголын хуульчдын холбооны гишүүн, Өмгөөлөгч С.Баянмөнх мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд иргэн Х.Сэлэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаагаа дурьдаад “Иргэн Х.Сэлэнгэ болон түүний нөхөр Н.Алтанхуягийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаан доромжилсон худал мэдээлэл” гэдгийг албан ёсоор мэдэгджээ.