-
Далай лам айлчилсантайгаар холбоотой Хятад, Монголын харилцаа муудаж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Энэ асуудал өнөөдөр УИХ-ын чуулган дээр хүртэл яригдсан байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сүүлийн үед гадаад харилцаан дээр асуудал үүслээ гэх сигнал ирээд байна. Урд хөршид айлчлах байсан манай шадар сайдын айлчлалын хойшлуулсан мэдээлэл байна. Урд хөршөөс авах байсан зээлийн гэрээг зогсоох талаар Хятадын хэвлэлүүдэд гарч байна. Сангийн сайд ямар байр суурьтай байна. ОУВС-тай байгуулах гэрээ хэлэлцээр ямар төвшинд явж байгаа вэ?
-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Далай ламын айлчлал хийх бүрт өмнөд хөрш таатай ханддаггүй. Энэ сарын 27,28 өдрүүдэд БНХАУ-тай хийх байсан хэлэлцээр хойшлогдсон нь үнэн. Үүнээс үүдээд ирэх онуудад эдийн засгийн хувьд бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Урьдчилан хэлэх эрт байна.