8o
Улаанбаатар хот
mobile menu

Амийг нь аварч байхад…

2016-11-23 12:18:53

Шатаж байсан байшингаас нь өөрийг нь аварч гаргаад, галыг нь унтрааж өгсний хариуд ”Хамаг юм норгож, сүйтгээд хаячихлаа” хэмээн хэл ам хийсэн хүний тухай сонсоод нэгэн явдал санаанд оров. Намайг хүүхэд байхад Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн галт тэргэнд замын нэгэн өртөөнөөс суугаад суудал хайн явж байсан эмэгтэйн хоёр талаар хоёр залуу шурхийн зөрөхдөө алтан ээмгийг нь сэт татан аваад явчихсан юм. Тэр эмэгтэйн хоёр чих сэтэрч, цус гоожин, шанааг нь даган урсаж байлаа. Тэгтэл өнөө эмэгтэй ”Хайран ээмэг” хэмээн чихээ даран орилж билээ.

Одоо миний бичих баримт үүнтэй адилхан, эд хөрөнгөө амь бие, эрүүл мэндээсээ дорд үздэг хүний тухай юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн II хорооны нутаг Орбитын наймдугаар гудамжны нэгэн айлд энэ сарын 8-ны үдэш гал гарчээ. 20.25 цагт дуудлага ирснээр нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн салааны захирагч, ахмад Г.Пүрэвтулга ахлагчтай зургаан албан хаагч очиход модоор барьж, дранк хадаж байгаад шавардсан, 5х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний 1х2 хэмжээтэй амбаар шатаж байжээ. Байшин дотор байсан 18, 52 насны хоёр эмэгтэй гарч чадалгүй, угаартах аюул нүүрлэсэн байсан тул гал сөнөөгчид байшингийн цонхыг хагалан, тэднийг гаргаж, галыг унтраасан байна. Энэ үед ахимаг насны эмэгтэй нь халамцуу байсан аж.

Галын тархалт их, үзэгдэх орчин хязгаарлагдмал, утаатай байсан тул гал байшин руу дамжин орж, дотуураа хавж шатахаас сэргийлж, ээлжийн бүрэлдэхүүн гал түймрийг унтраахдаа задаргаа хийжээ. Ингээд галыг унтраачихаад гал сөнөөгчид зарим хэсгийнх нь шаврыг ховхлон, мод дотуураа битүү уугьж буй, эсэхийг шалгасан аж. Гэтэл гэрийн эзэгтэй задаргаа хийхгүй байхыг шаардсан байна. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр өөрсдийг нь угаартах аюулаас, гэр оронг нь үнс болохоос аварсан гал сөнөөгчдийг өнөөх эмэгтэй буруутгаж, цонхны шил, эвдэрсэн хаалгаа ”нэхжээ”. Тэгж шалгалгүй яваад өгсөн хойно нь унтраагүй, уугиж үлдсэн цог сэргэж, гэр нь дахиад шатвал яах вэ?


Бас нэгэн баримт. Монгол орон даяар энэ сарын 5-6, 12-13-нд их хэмжээний цас орж, шуурсан даа. Сүүлийнх нь цасан шуурганаар улсын хэмжээнд 70 гаруй хүн төөрч, ар гэрийнхнийгээ сандарган, олон хүнд төвөг удсан. 1100 малтайгаа төөрсөн, Төв аймгийн Сэргэлэн сумын малчныг хайхдаа аймгийн Онцгой байдлын газрынхан 82 км зам туулж, 15 литр бензин зарцуулжээ. Сумынх нь ЗДТГ-аас бас баахан хүн түүнийг хайсан, тэд бас л багагүй шатахуун зарцуулсан байж таарна. Дорнодын жолооч нар энэ өдөр хамгийн хайхрамжгүй байж, машин машинаараа сураггүй болсон тул жолооч, зорчигчтойгоо нийлсэн 41 хүнийг эсэн мэнд олохын тулд аврагчид 180 литр шатахуун зарцуулсан байна. Улаанбаатарын ханшаар бодоход 300 мянган төгрөг шатаасан гэсэн үг. Тэнгэр муудна, цасаар шуурна гэж мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар, төв суурингаас гарах замыг нь хаасаар байхад энэ олон жолооч хулгайн замаар аймаг, сумаасаа гарч давхиад цасанд суун, бензинээ бараад, зарим нь машинаа эвдчихээд аврагчдаас аврал эрсэн байгаа юм. Бага гэлтгүй энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг хүнд өвчтэй хүүхэд, хэвтрийн хөгшнийг илааршуулах зэргээр илүү хэрэгтэй зүйлд зарцуулах ёстой болохоос хатуу чихтэй хэнэггүй жолооч нар үрэх ёсгүй.

Тэрхүү цасан шуурганаар олон хүн Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн 265726, 325726 дугаарын утсыг улайстал залгаж, ”Яаралтай ажилтай, явах хэрэгтэй байхад зам хаалаа” хэмээн уур бухимдлаа гаргажээ. Өөрсдийнх нь амь нас, эрүүл мэндийг бодсондоо л албаныхан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэнд ч ойлгомжтой. Хүний аминаас илүү үнэтэй эрдэнэ байдаггүй гэдэг. Амьд явбал алтан аяганаас ус ууна ч гэлцдэг. Цасан шуурганаар амь тэмцэн явж, төөрч, цасанд сууж, эцэстээ машинаа эвдчихвэл зорьсон ажлаа бүтээж чадах бил үү. Түүний оронд тэнгэр онгойхыг хүлээж суугаад, замын халтиргаа гайгүй болсон хойно явбал үйл хэрэг хурдан бүтэх биш үү. ”Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны үлгэр” бидэнд ”Тусын хариуд хорлох хүн олон, ачийн хариуг мэдэх хүн цөөн” гэж сэрэмжлүүлсэн нь юутай үнэн юм бэ.

Б.ДУЛАМСҮРЭН

Эх сурвалж: ОБЕГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Г.Батнасан
Нөгөө айхтар ӨРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ гэдэг чинь л энэ шүү дээ
2016/11/23 202.179.31.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment