Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад айлчилж байгаа. Түүний энэ удаагийн айлчлал нь хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Түүнчлэн айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг олон талаар хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг ойртуулан бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт хоёр тал итгэлтэй байгаа аж. БНСУ-ын ерөнхий сайдыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг угтан авч, албан ёсны хэлэлцээ хийсний дараа хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд дараах дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичгийг баталгаажууллаа.
-2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах тухай захидалд Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын талаас Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Ин Сан Нам нар гарын үсэг зурлаа.
-Далайн тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах тухай Зам тээврийн яам БНСУ-ын Далайн хэрэг загас агнуурын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Зам тээврийн сайд М.Зоригт, БНСУ-ын талаас Далайн хэрэг загас агнуурын сайд Юун Хаг Бэ нар гарын үсэг зурав.
-Аж үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сангийн захирал Б.Болор-Эрдэнэ, БНСУ-ын талаас Жижиг дунд үйлдвэрийн корпорацийн Ерөнхийлөгч Чай Ян Ли нар гарын үсэг зурсан юм.
-Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Аж үйлдвэр гадаад худалдаа баялгийн яамны Технологи, техникийн стандарт-ын үндэсний хүрээлэнгийн харьяа солонгосын нийцлэлийн лаборатор хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Эрчим хүчний төвийн захирал Я.Пүрэвжав, Солонгосын нийцлэлийн лабораторийн ерөнхийлөгч Ким Хён Шиг нар гарын үсэг зурлаа.
Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг судалж үзэхийг хүслээ. Харин Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад оршин сууж буй болон зорчиж буй Солонгос иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ онд тохиож буй Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хоёр талд зохион байгуулсан нийгэм, соёл, эдийн засгийн арга хэмжээнүүд хоёр ард түмний харилцан ойлголцол нэмэгдэхэд таатай нөлөө үзүүлсэнийг санал нэгтэй тэмдэглэж, эрүүл мэнд, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглан хамтран ажиллахаар тогтлоо. Ерөнхий сайд Хван Гё Ан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урьлаа.