8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумын малчид ердийн хөсгөөр отор нүүдэл хийж байна

2016-11-23 10:23:01

Ховд аймгийн Булган, Алтай, Үенч суманд 2016 оны арванэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж, говийн бүс рүү отор нүүдэл хийж байна.
Цас нэмж орвол зудын гамшигт нэрвэгдэх нөхцөл байдал бүрджээ.
 
Булган сумын хувьд нийт нутгаар 35-90 см цасан бүрхүүл тогтсон, орон нутгийн чанартай зам харгуй хаагдсаны улмаас 96 өрхийн 333 хүн, 97,744 толгой мал тусгаарлагдаад байна. Цас их орж, уулын бүсэд өвөлжиж байгаа айлуудын мал бэлчээрлэх боломжгүй болсноос говийн бүс рүү хийх отор нүүдэл үргэлжилсээр байна.Цаашид цас нэмж орвол зудын гамшигт нэрвэгдэх нөхцөл байдал бүрджээ.
Тус сумын хэмжээнд эрсдэл үүсэж болзошгүй газруудад өвөлжиж байгаа айлуудад өндөр настан, нярай хүүхдүүд, жирэмсэн эх нийт 333 хүн байгаа тул анхаарал хандуулан ажиллаж  байна.
Өндөр уулын бүсээс говийн бүс рүү отор нүүдэл хийж байгаа айлууд зорьсон газраа ердийн хөсгөөр хамгийн багадаа 5-10 хоногийн газрыг туулж хүрэхээр байна.
Үенч суманд  2016 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар цасны хэмжилтээр сумын төвдөө 28 см, гуу жалга, ууландаа 50-70 см цастай, агаарын температур – 22-270, хөрсөн дээр -15-200  хэм хүйтэн, салхи баруунаас 4-9 м/с, зарим газраар 7-12 м/с хүрч, үүлэрхэг байна.
Түүнчлэн тус суманд найм хоногийн турш цас орсны улмаас сумын төвдөө 28-35 см, уулархаг газраа 40-70 см хүртэл зузаан цас тогтжээ. Иймээс сумын төвөөс багууд руу явах техникийн хөдөлгөөн бүрэн зогсож, эрүүл мэндийн дуудлага, үйлчилгээг хүргэж чадахгүйд хүрч, Жаргалан, Улиаст, Нарийн гол багийн зарим малчдын мал хотноосоо гарч чадалгүй 2-3 хонож байна.
Алтай суманд цасны хэмжилтээр сумын төвдөө 21 см зузаантай, гуу жалга, ууландаа 45 см цастай, агаарын темпратур нь агаартаа -20 хэм, хөрсөндөө -22 хэм  хүрсэн.
Алтай сумын бодонч багийн 19 малчин өрхийн 23,100 толгой мал, Барлаг багийн 7 малчин өрхийн 4200 толгой мал нийт 26 малчин өрх өвөлжилт хүндэрсэн бүсэд амьдарч байгаа тул аймгийн төвөөс “ГАЗ 66” автомашин явуулсан, зарим айлыг нүүлгэн шилжүүлж говийн бүс нутаг руу нүүлгэж эхэлжээ.  
Өвөлжилт хүндрээд байгаа Бодонч, Барлаг багийн 22 малчин өрх Мөст, Цэцэг сумдын чиглэлд отроор нүүж байна.

 
Булган, Алтай сумдын уулархаг газар амьдарч байсан малчид их хэмжээний цас орж, мал бэлчээрлэх боломжгүй болсон тул говийн сумд руугаа өдөр алгасахгүй ердийн хөсгөөр нүүдэллэж байна. Орон гэрээ орхин малаа тууж яваа эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуус өндөр уулын хавцал дундуур өдөр, шөнөгүй ийнхүү отор нүүдэл хийж байгаа аж.
Тиймээс Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, дараах шийдвэрийг гаргажээ.
    Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас Алтай, Булган, Үенч сумдын өндөр уулын бүсээс Алтайн өвөр говь, Байтаг, Хавтагын нуруу руу отор нүүдэл хийж байгаа малчдад зориулж 3 чиглэлд отрын штаб байгуулах,
 
    Цасанд хаагдсан зам, давааг нээх зорилгоор хүнд даацын туулах чадвар сайтай техник хэрэгслүүдийг дайчлан ажиллуулах,
 
    Отор нүүдэл хийж буй малчдад дулаан хувцас, лаа, шүдэнз, түлш зэрэг нэн шаардлагатай бараа, материалын тусламж үзүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссын зүгээс Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран уриалга гаргаж, нутгийн зөвлөлтэй зохион байгуулах,
 
    Баян-Өлгий аймгийн Булган сумын нутгаас Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумдын нутагт отроор өвөлжих малчдын асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
 
Эх сурвалж: ОБЕГ
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл