Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн амралтын өдөр өргөтгөсөн хуралдаанаа хийж дүрмээ шинэчлэхээс гадна Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч зэрэг үүрэгт албан тушаалтнуудаа сонгоно гэж төлөвлөж байсан. Гэвч дүрмийн шинэчилсэн найруулгыг тус холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах шаардлагатай болсон тул Ажлын хэсэг байгуулан дахин нягтлуулахаар хурлыг түр завсарлуулсан юм. Хурлын түр завсарлага хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа. Уг хурлыг тойрсон нэг дуулиан нь чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагч “Зулын гол” болно гэсэн мэдэгдэл байв. Тодруулбал, уг өргөтгөсөн хуралдаанд "Рио 2016" олимпийн наадамд оролцсон Монгол улсын гавъяат тамирчин Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа болон тамирчин Г.Мандахнаран нарын тэргүүтэй хүмүүсийг оролцуулахгүй гэх шийдвэрийг чөлөөт бөхийн холбооноос гаргасан нь нэг нь шатна, нөгөөх нь “Шатаж үхэх чинь надад хамаагүй” гэж хэлэхэд хүргэсэн гэх. Харин дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын зүгээс "Бид Г.Мандахнаранд ирэх хүрэл медалийн барилдааныг булхайтай шүүсэн гэж тэмцсэнийхээ төлөө уралдаанд оролцох эрхээ хасуулсан болохоос биш дотоодын хурал цуглаанд оролцож сонгож, сонгогдох эрхээ хасуулаагүй” гэсэн тайлбарыг хийж буй.
Ингээд энэ бүх дуулианы талаар УИХ-ын гишүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч А.Сүхбатаас тодрууллаа. Дашрамд дурдахад, тэрбээр тус холбооны дэд ерөнхийлөгчид дахин нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдээд байгаа билээ.
- Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хуралдаан зарлагдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй тарлаа. Уг хуралдаан эхлэхийн өмнө л үймээн, самуун дэгдсэн. Ер нь чөлөөт бөхийн холбоонд ямар асуудал үүсээд байгаа юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
- Чөлөөт бөхийн холбооны хуралдааныг хуралдуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлөөс гаргасан. Уг хурлыг хуралдуул гэх үүрэг даалгаврыг Монголын чөлөөт бөхийн холбооноос “Хасу мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш болон миний биед даалгасан. Ингээд хурал хийх гээд очиход олимпийн үеэр гаргасан алдаа завхрал яг тэр хэвээр байсан. Өнгөрсөн олимпоор бид хүрэл медалиа алдсан. Хоёр багш дасгалжуулагч ёс зүйн алдаа гаргаж олон улсын тавцанд Монгол улсын нэр хүндийг унагасан. Гэтэл энэ байдалдаа дүгнэлт хийсэн зүйл огт алга. Өөрсдийнхөө зөв мэтээр л яриад байдаг. Энэ бол Монголын чөлөөт бөхийн холбооны асуудал мэт болов чиг эцсийн дүндээ манай залуусын байж байгаа царай л энэ байна. Бид нарыг хурал хийхээр очиход нохой хуцаж байгаа дайны хүлээж авсан. Бидний үгийг сонсохгүй байна шүү дээ. Хорин жилийн өмнө намайг багшаа гээд дуудаж явсан хүүхэд өнөөдөр нохой, гахайгаар нь л дуудаж байна. “Хорин жилийн өмнө чи бид хоёр багш, шавь байсан. Одоо тэр хамаагүй. Багш, шавь гэдэг асуудал тухайн он жилдээ үлдсэн” гэж хэлээд ингэ, тэг гэж доромжилсон. Ахмад бөхчүүддээ хандах хандлагыг нь харахад ёс зүй, ухамсар, харьцааны соёл байхгүй л гээд ойлгож болохоор байна. Монголын залуус иймэрхүү болж байгаа юм байна гэдэг дүр зураг л надад харагдаад байгаа юм. Монгол хүнд эрэмбэ дараа, ёс заншил, түүхэн уламжлал ясанд нь суучихсан байдаг гэж би бодож явдаг.
- Хоёр дасгалжуулагчийн хуралд оролцох эрхийг нь хасаагүй бол ийм нөхцөл байдал үүсэхээргүй байсан юм биш үү. Ер нь яагаад тэднийг хуралд нь оролцуулж болохгүй байгаа юм?
- Тэд алдаа дутагдал гаргасан уу гэвэл гаргасан. Энэ хүмүүс яагаад уучлалт гуйдаггүй юм. Яагаад Монголын чөлөөт бөхийн холбоо гэж байгаа юм. Энэ байгууллагад дотоод журам, дүрэм гэж байна. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос хоёр багшид маань арга хэмжээ авчихсан. Монголын чөлөөт бөхийн холбоо мөн арга хэмжээ авсан. Олон улсын олимпийн хорооноос “Хүн төрөлхтний цэнгэлийн манлай наадмыг муухай харагдуулсан энэ хоёр багшид хатуу арга хэмжээ аваарай” гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Монголын чөлөөт бөхийн холбоо, дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоод арга хэмжээгээ авсан. Энэ хүмүүс арга хэмжээ авахуулчихсан мөртлөө өөрсдийнхөө гаргасан ёс зүйн алдаанд дүгнэлт хийж уучлалт гуйхын оронд дахин хашгираад л яваад байна. Ажиллахад маш хүнд байгаа.
- Ямар нэгэн байдлаар учраа ололцож болохгүй гэж үү?
- Учирсаад байх зүйлгүй. Арга хэмжээ авсан. Хоёр багш маань Монголын чөлөөт бөхийн холбоо болон ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. Ярихаас ч санаа зовмоор ёс зүйн зөрчил гаргасан багш, дасгалжуулагч дэлхийд байхгүй. Хувцас, хунараа тайлж хаяаад л. Г.Мандахнаран хүрэл медаль авах бололцоо харагдаж байсан. Буруу шүүлт байсан ч гэсэн. Гэтэл хүрэл медаль авах боломжийг хоёр багш дэвжээн дээр гарсанаараа бүдгэрүүлж өгсөн. Ёс зүйн алдаа гаргасан хүмүүст шагнал өгч болох юм уу гэж цаанаа ярилцсан. Ёс зүйн алдаа гаргасан хүнд хариуцлага тооцож, шийтгэл оногдуулах ёстой. Хүрэл медаль Монголд хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй байсан. Гэхдээ авч үзээгүй медаль биш шүү дээ. Өмнө нь хүрэл болон мөнгөн медал олныг авч байсан. Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Харин манай залуус яс хугарахаар нэр хугар гэсэн юм шиг л байдлыг гаргаад байна. Монголын чөлөөт бөхийн холбоо болон бусад холбоодод хандан хэлэхэд сахилга бат, ухамсар, ёс зүй гэдгийг л энэ дөрвөн жилд ярих ёстой юм байна шүү гэдгийг л хэлмээр байна. Аливаад нухацтай хандах, соёлтой харьцааг үүсгэх гэх мэт. Хаана журам, сахилга бат байна тэнд амжилт байна.
- Хэрвээ уг хоёр дасгалжуулагчийг уучлалт гуйчихвал хурал, цуглаанд оролцох эрхийг нь нээнэ гэж ойлгож болох уу?
- Тийм. Хамгийн гол нь алдаа дутагдлаа хүлээх хэрэгтэй. Алдаа дутагдлаа хүлээхгүй дээрээс нь шавь нарыгаа буруу зүйлд татан оруулаад байхаар чинь нийгэм та бүхнээс залхаад байна шүү дээ. Бид бол эрүүл ухаанаар яръя, гэгээтэй юм ярьж хөгжье л гэж бодож байгаа.
- Таныг багш, дасгалжуулагчдыг үг, хэлээр доромжилсон гэх мэдээлэл байгаа. Тухайлбал, “Зулын гол болж үхэх чинь надад хамаагүй” гэж дасгалжуулагч Ц.Цогтбаярт хандан хэлсэн гэсэн. Мөн Г.Мандахнаранд бэлэглэсэн морио буцааж авна гэж хэлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
- Би тэгэж хэлэхгүй л дээ. Би Ц.Цогтбаярыгаа зулын гол болчихоосой гэж хүсэхгүй байгаа. Ер нь хэн ч тэгэж хүсэхгүй байгаа шүү дээ. Нийгэмд иймэрхүү байдлыг аваачих хэрэггүй л дээ. Би монгол эр хүнийхээ жудгийг бодоод Г.Мандахнарандаа халуун хошуутай мал бэлэглэсэн юм. Л.Чинбат захирал Номинд хоёр өрөө байр бэлэглэсэн. Харин би адуу бэлэглэе гээд бэлэглэсэн. Гэтэл Г.Мандахнаран маань мөнгөн аяга ч өгөөгүй гэж ярьсан. Миний бэлэглэсэн азарга адууг мөнгө аяганаас доогуур тавьж байгаа бол надад тиймэрхүү л санагдаж байна. Гэхдээ миний өгсөн юм тэр хүндээ юм болдог юм өө. Би юм бодохгүй ээ. Мөнгөн аяганаас долоон дор үзлээ гэж хэлсэн үү гэвэл хэлсэн.Бас адуу бэлэглэсэн гэдгээ ч хэлсэн. Иймэрхүү л юм болсон. Бидний энэ жижиг маргалдаан эцсийн үр дүн биш юм. Чөлөөт бөхөөр хичээллэж байгаа залуус болон дасгалжуулагчдын маань нөр их хөдөлмөр талаар битгий болоосой гэж зовж явдаг хүний нэг бол би. Миний нутгийн хүү Г.Мандахнарантайгаа хамт чөлөөт бөхөө хөгжүүлэх үйлсэд хамтарч ажиллана гэж бодож байгаа. Монголын чөлөөт бөхийн холбоо Г.Мандахнарандаа хүрэл медалийг нь буцааж олгуулах талаар анхаарал хандуулж байгаа. Г.Мандахнаран маань ирэх жилийн дэлхийн аваргад сайн оролцож медаль авах хэрэгтэй юм.
- Таныг чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэж сонссон. Гэхдээ нэрээ буцааж татаж магадгүй гэж та мэдэгдсэн байсан. Яагаад нэрээ татъя гэж бодсон юм бэ?
- Би удирдах зөвлөлөөс нэрээ татчихье гэж саяын хуралд оролцсон. Гэтэл болоогүй юм байна. Бид бүхэн энэ залуусдаа сайн зөвлөж, сургах хэрэгтэй юм байна. Ирээдүйд чадварлаг, сахилга баттай, ёс зүйтэй хүмүүсийг бэлтгэхгүй бол болохгүй юм байна. Монголын төр засаг, ард түмэн чөлөөт бөхийн холбоонд маш олон тэрбум төгрөг зарчихсан байгаа. Үүнийг үр дүнгүй болгох эрх бидэнд байхгүй. Тэр талаараа л яриад байгаа юм. Монголын чөлөөт бөхийн холбооны хувьд эрх бүхий төрийн бус байгууллага шүү дээ. Энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулж л байгаа.
- Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудыг 1 сая ам долларыг юунд, яаж зарцуулсан нь тодорхойгүй үрэн таран хийсэн гэх мэдээлэл байгаа. Нэг сая долларыг та нар юунд зарцуулсан юм бэ?
- Янз бүрийн юм ярьж байгаад холбооны эрхийг авъя гэсэн мөрөөдөл л байгаа юм. Чөлөөт бөхийн холбоонд тийм их мөнгө бэлнээр орж ирсэн тохиолдол байхгүй. Дандаа хандив, тусламж, зарлага гэсэн зүйл л яригддаг. Чөлөөт бөхийн холбоо бол төсөв хуваадаг байгууллага биш. Монголын чөлөөт бөхийн холбоонд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат, сүмогийн их аварга Д.Дагвадорж хоёр маань юм шүү. Урьд хожид байгаагүй том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийсэн.Урьд нь чөлөөт бөхийн холбоо "Виз гаргалаа хэдэн мянган төгрөгөөр зарлаа л" гэж ярьдаг байгууллага байсан шүү дээ. Бид хэл, амтай ажилд удаан байя гэж бодохгүй байна. Гэхдээ бас нэг болохгүй нөхдүүдэд өгмөөргүй байна. Чаддаг, мэддэг, энэ бөхийн төрлийг хайрлаад аваад явчихдаг сайн менежерт өгмөөр байна. Тэр хүртэл бид сахилга ёс зүй, харилцааны соёл, Монгол улсын нэр хүндийн талаар ярих л болно. Монгол улсын нэр хүнд сэвтэх ёсгүй.
Т.Энхэлээ