"Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг энэ долоо хоногт томилно гэж эх сурвалж мэдээллээ. Засгийн газраас тус үйлдвэрийн захиралд өмнө нь нэр нь огт яригдаж байгаагүй нэгнийг томилохоор зэхэж байгаа аж. Тодруулбал, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг томилж магадгүй гэх мэдээлэл байна. Х.Бадамсүрэн нь өмнө нь Аж үйлдвэрийн яамны харьяа Зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар ажилласнаас гадна УИХ, Ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байжээ. Мөн Орос, Монголын хамтарсан “Монголросцветмэт” нэгдлийг удирдаж байсан юм.
Тус үйлдвэрийн захиралд томилогдох магадлалтай олон хүний нэр яригдаж байсан ч МАН-ынхан Х.Бадамсүрэнг томилохоор ярилцаж эцсийн байдлаар саналаа нэгтгэсэн гэх мэдээлэл байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн дэд сайд томилогдсон нөхцөлд МАН-д дэд сайдын суудлын төлөөх марафон бас эхэлнэ.
Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд нэр дэвшигч дээр байр сууриа нэгтгэж, өнгөрсөн баасан гаригт материалыг нь Авлигатай тэмцэх газар руу илгээжээ. Тус газраас нэр дэвшигчтэй холбоотой албан бичиг ирсний дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт асуудал нь ирж, улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэрийг нь хүргэх аж.
Т.Энхэлээ