“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг тодруулах сонгон шалгаруулалтыг өнгөрсөн баасан гаригт хийсэн гэх мэдээллийг манай сайт өчигдөр хүргэсэн. Сонгон шалгаруулалтад нийт 40 хүн материалаа ирүүлснээс "Эрдэнэт" үйлдвэрийн захиралд тэнцэх хэмжээний хүн байгаагүй гэх мэдээлэл байгаа юм. Учир нь материалаа ирүүлсэн хүмүүсийн ихэнх нь ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц улс төрчид байсан аж. Тус үйлдвэрийн захирлаар томилогдох магадлал хамгийн өндөр байсан эрхэм бол Ч.Ганзориг. Тэрбээр тус үйлдвэрийн захирлаар 2008-2012 оны хооронд ажиллаж байсан юм. Гэхдээ бүх цаг үеийн хамгийн муу менежментээр "Эрдэнэт"-ийг удирдаж байсан гэх эхний шалтгаанаар тус сонгон шалгаруултад бүдэрсэн гэнэ. Түүнчлэн "Жаст"-ын Ш.Батхүүгийн өрийг хуваалцахад хүргэсэн "гавьяа" нь түүнийг нэгмөсөн хөмөрч орхижээ.
Төр, хамтран эзэмшигч талынхаа шаардлагаар мэргэжлийн менежерийг томилох оролдлого хийснээ энэхүү сонгон шалгаруулалтаараа харууллаа. Тэгэхээр Засгийн газраас удахгүй нэг хүний нэрийг тус албан тушаалд нэр дэвшүүлэх нь,
Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг удахгүй томилох байр, суурьтай байгаа ч хэнийг томилохоо тодруулаагүй байгаа гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн. Үнэндээ бол хэнийг томилохоо тодруулж чадаагүйдээ бус томилж чадахгүйдээ цаг алдсан нь үнэн. МАН-ын фракциуд "Эрдэнэт" үйлдвэрийн захиралд өөрсдийн хүнийг зүтгүүлж уг албан тушаалд ана, мана үзэлцсэн гэдэг. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Алтжин" группийн захирал Г.Алтанг зүтгүүлсэн ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас гологдсон.
Харин Хотын фракц Ч.Ганзоригийг зүтгүүлсэн ч ийнхүү бүтэлгүйтлээ.Харин одоо Сү.Батболд, С.Баярын фракцид боломж олдож байна. Тэд Уул уурхай, эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг санал болгож байгаа гэх мэдээлэл байна. МАН-ынхан ч мөн түүнийг томилох эсэх талаар ярилцаж байгаа аж. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын зүгээс тус үйлдвэрийн ерөнхий захирлыг яаралтай томилох ёстой гэсэн шахааг Засгийн газартаа байнга үзүүлж буй ч намын төвшинд тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” хуучин захиралтайгаа байгаа билээ.
Ингээд "Эрдэнэт" үйлдвэрийн захиралд томилогдохоор тунаж үлдсэн гэх Д.Зоригт гэж хэн бэ гэдгийг хүргэе.
Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд өөрөө болон нам нь “өвдөг шороодсон”-ы дараагаас тэрээр нам, жим болсон билээ. Өөрөөр хэлбэл ялагдлынхаа дараа гадагшаа мөрөө хөөсөн МАН-ын олон гишүүний адил тэрээр хилийн чанадад хэсэгтээ амьдарсан юм. Сайн ахынхаа нэрээр улс төрд хөл тавьсан тэрбээр Оюутолгойн гэрээг гардан хийсэн "Ялтан"-уудын нэг. Үүнийхээ төлөө ноён Фрийдландаас чамгүй шан хүртсэн гэдэг. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой ойлгомжгүй асуудалтай тулгарахад тэрбээр гадаадад нуугдаж байлаа. Монголын эдийн засагт томоохон үүрэгтэй төслийг удирдаж, гэрээг нь зураагүй юм шиг л ор сураггүй байгаа нь ёс суртахууны хувьд ямар хүн гэдгийг нь хэлнэ. МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Зоригтыг гадаадад оргон зайлсан хэмээн хэвлэлүүд нэг хэсэг бичсэн.Манайд энэ мэт албан тушаалгүй хоцорч, хийсэн хэргүүд нь шалгагдах болоход гадагшаа зугтаж, 4 жил нуугдаж байгаад сонгуулийн үеэр дахин гарч ирдэг моод бий болчихоод байгаа. Үүний бодит жишээ нь, Д.Зоригт юм. Өнгөрсөн дөрвөн жилийг Европын орнуудаар хэссэн шигээ амьдарсан тэрбээр өнгөрөгч шинэ жилийн өмнөхөн гэнэт ичээнээсээ гарч ирж, чингэлтэйчүүдийг 300-аад сая төгрөгөөр Чингис зочид буудалд "шинэ жилдүүлсэн” гэх мэдээлэл байдаг.
"Оюутолгой"-н гэрээний гол буруутны нэг тэрбээр энэ удаа "Эрдэнэт"-т тэнцэх үү гэдэг нь яалт ч үгүй олны анхаарлыг татсан асуудал юм.
Т.Энхэлээ