Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал өнөөдөр Төрийн ордонд болно хэмээн товлогдож байсан ч хурлыг "Blue sky" зочид буудалд хуралдуулахаар болгож өөрчилжээ. Хурал дөнгөж сая эхэллээ. Хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавъяат дасгалжуулагч, Гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцоно. Түүнчлэн аймаг тус бүрээс нэг төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс нэг хүн төлөөлөгчөөр оролцуулцоно гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдэгдээд буй.
Гэвч уг өргөтгөсөн хуралдаанд Рио2016 олимпийн наадамд оролцсон тамирчин, дасгалжуулагчдыг оролцуулахгүй гэх шийдвэрийг Чөлөөт бөхийн холбооноос гаргаад байгаа юм. Тодруулбал, Монгол улсын гавъяат тамирчин Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа болон тамирчин Г.Мандахнаран нарын тэргүүтэй хүмүүсийг оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан нь тус холбооны удирдлага, тамирчдын үл ойлголцлыг улам бүр даамжруулж буй.
Чөлөөт бөхийн холбооны уг шийдвэрийг эсэргүүцсэн дасгалжуулагч Б.Баяраа, Г.Мандахнаран нар "зулын гол" болно гэж хүртэл мэдэгдсэн.
Тэгвэл уг хуралд мандат авч чадаагүй шигшээ багийн дасгалжуулагч, дэлхийн аваргын медальтнууд өглөөний 10.00 цагийн үед хурал болж буй заал руу орж, холбооны удирдлагуудтайгаа уулзсан байна. Харин уулзалтаар ямар нэгэн шийдэлд хүрч чадсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад, Чөлөөт бөхийн холбооны хурал хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болж байгаа.
Харин дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын зүгээс "Бид гадны тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулсан болохоос биш дотоодын хурал цуглаанд оролцож сонгож, сонгогдох эрхээ хасуулаагүй гэж байгаа юм. Хэрвээ өөрсдийг нь уг хуралд оролцуулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж "зулын гол" болно гэдгээ албан ёсоор зарласан.
Энэхүү цочирдом мэдэгдэл нь биелэлээ олохгүй байгаасай хэмээн хүсэх хүмүүс олон байгаа. Ямартай ч тус дасгалжуулагчид холбооны удирдлагуудтайгаа учраа ололцож буй бололтой. Чөлөөт бөхийн холбооны удирдлагаар Сүмогийн их аврага Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, А.Сүхбат нар ажилладаг билээ.
Эдгээр дарга нар өмнө нь дасгалжуулагч, Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг олимпийн наадмын үеэр эсэргүүцэл илэрхийлсэн хэмээн буруутгаж дасгалжуулагчийн болон тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хоёр жилээр хассан. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат дасгалжулагчЦ.Цогтбаярыг үг хэлээр доромжилж "Чаддаг юм бол миний өмнө дотоожоо тайл" хэмээн хэлж байсан гэдэг.
Харин энэ удаагийн маргаанаар дээрх дарга нар мөн дасгалжуулагчдыг үл тоон доромжилж "Та нарын үхэж хатах чинь хамаагүй" гэж хэлсэн гэж буй.
Ямартай ч чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тамирчин, дасгалжуулагчдаа үл тоосон энэхүү занг олон нийт шүүмжилж байгаа юм. Чөлөөт бөхийн холбоо бол тамирчин дасгалжуулагчдаа аль ч цаг үед өмгөөлж, хамгаалах дасгал сургуулиалтаа хийх боломжоор нь хангах цаашлаад аливаа үл ойлголцлыг зөв, зүйтэй зохион байгуулах үүрэгтэй байгууллага билээ. Гэтэл өөрсдөө нэг талд нь зогсчихоод тамирчин, дасгалжуулагчдынхаа эсрэг ажиллаж болохгүй гэх хүмүүс байгаа юм.
Т.Энхэлээ