УИХ-ын гишүүн Ж.Батзандан уржигдар хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болон намын даргын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр “Ардчилсан намын шинэчлэлийн асуудлыг эрчимтэй ярьж байна. Үндэсний зөвлөлдөх хорооноос үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. Ардчилсан намд эрс өөрчлөлт хийж шинэчилнэ.Энэ намыг фашист, коммунист арга барилаас нь салгахын тулд дүрэм болон үзэл санааны шинэчлэлийг хийх болно. Ардчилсан нам сүүлийн он жилүүдэд жирийн гишүүдээсээ хөндийрч барьцаалагдсан, бүлэглэлийн гарт орсон. Тийм учраас бүлэглэлийн савраас нь салгана. Ардчилсан намыг ард түмэнтэй, жирийн гишүүд дэмжигчидтэй нь ойртуулна. Энэ намыг эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн үнэт зүйлтэй нам болгохын төлөө үндсэн дүрмийг нь өөрчилнө. Ирэх сарын 6-ны өдөр Ардчилсан нам Их хурлаа хуралдуулж Үндэсний зөвлөлдөх хороогоо тарааж шинэ дүрмээ батална. Шинэ Ардчилсан нам ирэх сарын 6-нд бий болно. Авлигалд идэгдэж хулгайн бүлэглэлийн гарт орсон хуучин Ардчилсан намыг ирэх сард тараана. Ардчилсан намын дүрэмд олон чухал өөрчлөлт орно. Тухайлбал, бүх шатны намын дарга нарыг Үндэсний зөвлөлдөх хороо сонгодог байсныг болиулж нийт гишүүдийн дэмжлэгээр сонгоно. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хэт хэвтээ тогтолцоотой байсан. Ардчилал биш анархизм энэ намд тогтчихсон байсныг болиулж дэг, журамтай хатуу сахилга баттай болж өөрчилнө. Энэ нам гишүүддээ нээлттэй нам болно. Фракциудын зодооныг эцэс болгоно. Явцуу фракциудыг тарааж мэргэжлийн фракциудыг бий болгоно. Ардчилсан намын бүх шатны даргыг гишүүд дэмжигчдээс сонгодог тогтолцоо руу шилжсэн тохиолдолд миний бие намын даргын сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би шинэ Ардчилсан намыг удирдаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Ж.Батзандан миний бие Ардчилсан намын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана” гэж мэдэгдлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
- Та аль фракцид харъяалагддаг юм бэ? Та намынхаа гишүүдээс дэмжлэг авч чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
- Ардчилсан намын фракциуд татан буугдах процесс эхэлж байна. Намын залуус маань фракц, бүлэглэлийг татан буулгах саналтай байгаа. Хоёр өдрийн өмнө болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр миний бие аль ч фракцид хамааралгүй гэдгээ албан ёсоор зарласан. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг фракцид харъяалалгүй хүн гэж ойлгох хэрэгтэй. Бүлэглэлгүй улс төрч гэж ойлгох хэрэгтэй.Шинэ үеийн шинэ улс төрийг хийх улс төрч гэж ойлгох хэрэгтэй болов уу.
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэр бүлийн хүмүүсийг саатуулж байна. Энэ талаар таньд мэдээлэл байна уу?
- Ардчилсан нам гишүүдээ хорьж, цагддаг, цагдаагаар дарамталдаг, хөөдөг коммунист, фашист арга барилаасаа татгалзах хэрэгтэй.Өнөөдрийн Ардчилсан намын дотоод зохион байгуулалт тогтолцоог харвал нэг бол үгэнд ор, үгүй бол шоронд ор гэдгээс өөр тулгалт алга.
Т.Энхэлээ