Өнгөрсөн шөнө “60 minutes” ярилцлагад орохдоо АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп ажлаа авмагц 2-3 сая хууль бус цагаачийг тус улсаас хөөж гаргахаа мэдэгджээ. “Гэмт хэрэгтэн, гэмт хэрэгт холбогдож байсан, гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн, хар тамхины наймаачин зэрэг 2-3 сая хүнийг хөөж гаргах, эсвэл баривчилж хорих арга хэмжээ авна” хэмээн Трамп хэлжээ.
Харин бусад хууль бус цагаачдын талаар Трамп өмнө нь ярьдаг байснаасаа зөөлөрч эхлээд АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг чангатгасныхаа дараа тэднийг яахаа шийднэ гэжээ. Ингэхдээ хууль бус цагаачдыг тус улсад хэрэг болох, эсвэл хор хөнөөлтэй эсэхийг ангилан ялгах гэнэ.
АНУ-ын өмнөд хилийн хамгаалалтыг сайжруулахдаа хана босгохоос гадна зарим хэсэгт торон хашаа барих төлөвлөгөөтэй байгаагаа тэр бас ярьжээ. 2009-2014 оны хооронд Барак Обама АНУ-д амьдарч байсан 2.5 сая хууль бус цагаачийг албадан гаргаж байсан нь Жорж Бушийн найман жилийн хугацаанд гаргаснаас эрс нэмэгдсэн тоо юм байна.