Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс валютын ханшийн өсөлтэй холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.
- Эдийн засгийн хүндрэл лавширч, валютын ханш нэг өдрийн дотор 100 гаруй төгрөгөөр өссөнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэсэн байр, суурьтай гишүүд байна. Ер нь эдийн засгийн нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал та хариуцлага хүлээх үү? Та өөрийгөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна уу?
- Үнэхээр энэ Засгийн газрын буруугаас шалтгаалаад эдийн засаг ийм болчихсон бол хариуцлага хүлээжил таарна шүү дээ. Тийм биз дээ. Бид нарын буруу гэж үзэхгүй байна.
- Хариуцлага хүлээхгүй гэж ойлгож болох уу?
- Бид ямар байдалтай эдийн засаг хүлээж авсныг чи мэдэж байгаа. Энэ Засгийн газрын эсвэл өмнөх Засгийн газрын буруу юу ялгах ёстой байх гэж бодож байна. Хэрвээ энэ Засгийн газрын буруу байгаад ийм болсон бол хариуцлага хүлээнэ. Бусдын хийсэн нүглийг бид үүрэхгүй. Өөрийнхөө хийсэн ял, ямба хоёрын хариуцлагыг хоёуланг үүрч таарна. Бусдын хийсэн алдааны хариуцлагыг хариуцахгүй. Энэ өрийн дарамт, зээлжих зэрэглэл юу болчихсон байлаа. Бид ямар юм хүлээж авлаа. Засгийн газар бүхий л арга хэмжээг авч харин ч энэ улсыг нэг төсөвтэй болгохоор ажиллаж байна.
- Валютын ханш сүүлийн нэг өдрийн дотор 100 гаруй төгрөгөөр өслөө. Цаашид буулгах боложтой юу. Эсвэл ингээд тасралтгүй өссөөр л байх юм уу?
- Сая би Монгол банкныхантай уулзаад бололцоотой бүхий л аргыг ашиглахаар ярилцаад ирлээ. Цаашид нэг их өсөхгүй байлгүй дээ.
- Монгол банк валютын нөөцөө үнэхээр шавхчихсан юм уу?
- Гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээж байна. Валютын урсгал нэмэгдэх шаардлагатай. Тэгэж байж валютын ханшийг барина. Энэ хүндрэл нэг л өдөр тэнгэр цэлмэсэн юм шиг арилчихгүй шүү дээ. Өвөл гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж авах ажлууд үргэлжлэн явагдана. Цаашлаад хавраас эхний хөрөнгө оруулалтууд орж ирнэ.
- Тэгвэл хавар хүртэл валютын ханш өссөөр л байх юм уу? Хавраас нааш ямар ч арга хэмжээ авахгүй гэж үү?
- Монгол банк нөөцөөсөө валютаа гаргаад явна. Гэхдээ энэ тийм сайн арга биш. Түр зуурын гал намжаах л арга. Намайг ажил авахад Төрийн сангийн нэгдсэн дансанд 123 сая ам.доллар үлдсэн байсан.Дөрөвдүгээр сард жилийн 10.8 хувийн хүүтэй 750 сая доллар зээлж оруулж ирсэн байдаг. Үүнийг гурван сарын хугацаанд зараад 100 сая доллар үлдсэн байсан.
- УИХ-ын гишүүд нь валютын нөөцгүй болсноо ил цагаан зарлаад байгаа нь валют арилжагчдыг доллараа нэмэхэд хүргэж байгаа нэг шалтгаан. Та нар өөрсдөө ингэж бодлогогүй дуугараад байж болох уу?
- Валютын ханш өсөх нэг шалтгаан энэ мөн.Тэгээд эд нарын амыг барилтай нь биш дээ.
- Намар таны эдийн засгийн талаар хийсэн мэдээлэл валютын ханш өсөхөд нөлөөлсөн гэж боддог уу?
- Үгүй. Тэгтээ тэргүй гадныхан манай эдийн засгийн талаар мэдэж байсан шүү дээ. Харин би дотооддоо үнэн, зөв нэгдсэн мэдээлэл өгсөн.
- Валют арилжигчид дураараа үнээ нэмж байгаа энэхүү үйл ажиллагаанд төр засаг хөндлөнгөөс оролцож зохицуулалт хийж болох уу?
-Хүчээр зохицуулах гэж оролдвол бүр дордоно.
Т.Хулан