Долларын ханш нэг өдрийн дотор 200 орчим төгрөгөөр өсч 2453-2610 төгрөг болов. Гадаад валютын ханшийн түүхэн дэхь өндөр өсөлт нь Сангийн сайдыг түргэн авахуулж мэдээлэл хийхэд хүргээд байна.
Долларын ханш ийнхүү хурдтай өсч буй шалтгааныг улс төрчид янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан доорх байр, суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Инфляци оны эхнээс ийм бага түвшинд явж ирсэн нь мөнгөний бодлогыг зөөллөх нөхцлийг бий болгож байсан. Сонгуулиас хойш шинэ Их Хурал, Засгийн газар бүрэлдээд ойр, ойрхон хүчтэй мэдэгдлүүд гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдлын тухай. Энэ нь зах зээл дээр нэлээн шок үүсгэсэн. Шок үүсгэсний хэрээр зах зээл дээр спекуляци хийдэг эдийн засгийн сонирхогч нар тоглосон. Долоохон хоногийн дотор төгрөг ам.долларын эсрэг 250 төгрөгөөр суларсан. Энэ үед төв банк бодлогын хүүгээ хөдөлгөхөөс өөр аргагүй болсон л доо. Уг нь бол бодлогын хүүний гол зорилт нь инфляци руугаа онилдог. Энэ удаад ханш дээр ийм огцом хөдөлгөөн гарсан учраас үүнийг саармагжуулахаас өөр арга үйлдээгүй л дээ. Уг нь бол мөнгөний бодлогын төлвийг 10-11 эсвэл 11-12 хувьд харьцангуй зөөлөн явах нөхцөл байсан. Одоо нэгэнт ийм болчихлоо" гэв.
Т.Энхэлээ