УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар АН-ын гишүүдээс эсрэг саналтай ганц гишүүн нь та. Үүнээс болж ямар асуудал үүсээд байна вэ?
-“Эрдэнэт” болон “Асгат”-ын 49 хувийг хууль бусаар УИХ-ын зөвшөөрөл авалгүй сонгуулийн өмнө 27 настай хүүхдэд шилжүүлж өгсөн. Оросоос шилжиж ирсэн 49 хувийг ард түмнээс асуулгүй Засгийн газар дангаараа дур мэдэн өгсөн үйл явдлыг Үндсэн хууль зөрчсөн, хулгайн шинжтэй үйл явдал гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн байр суурийг дэмжиж байгаа. Гэтэл Ц.Нямдоржтой адил байр суурь илэрхийллээ гэж АН, МАН-ын хэсэг олигархиуд Ж.Батзанданг намаас хөөх асуудлыг хөндөж тавьж байгаа. Намын бүлэг дээр Б.Пүрэвдорж тэргүүтэй хэсэг бүлэг этгээдээр дайруулж байгаа. Би нэг л зүйл хэлнэ. Үндэсний хэмжээний том асуудал дээр намчирхаж болдоггүй юм. 20 гаруй жил үргэлжилсэн энэ хулгайг зогсоох ёстой. 20 гаруй жил үргэлжилсэн төрийн өмчийг эрээ цээргүй завшдаг явдлыг зогсоохгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарсан асуудлыг судлах ажлын хэсэгт сайн дураараа орох саналаа өгсөн. Намын эсрэг явлаа гэж АН-ын нөхдүүд Ж.Батзанданг намаас хөөх тухай асуудал ярьж яваа гэж дуулдсан. Хөөвөл хөөг. Би Монголын төлөө ажиллахаар УИХ-ын гишүүн болсон. Үндэсний хэмжээний асуудалд намчирхаж, нутгархаж болохгүй. Зөвхөн нам өмөөрөх гэж гишүүн болдоггүй. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө язгуур эрх ашгийг төлөө зогсох ёстой.
-Таныг намаас хөөх санал хаанаас гарч байгаа юм бэ?
- Ер нь бол нэгдүгээр хүнээс гаралтай. БЗД-ийн намын хорооны дарга бол Ерөнхийлөгчийн хүүгийнх нь найз. Тэндээс Ж.Батзанданг АН-аас хөөх асуудал удаа дараа яригдаж байгаа. Үүний цаана хэн байгаа нь тодорхой. Тагнуул, хуулийн байгууллагаар Ж.Батзанданг дарамтлуулж чимээгүй болгох оролдлогыг Ерөнхийлөгч удаа дараа хийж байгаа.
- Ямар дарамт ирсэн бэ?
- Чимээгүй бай. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бол хууль ёсны дагуу явагдсан гэж хэлж байгаа. Үүнийг би дарамт гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүний юу хэлэхийг хэн ч заахгүй. Гишүүн индэр дээр хэлсэн үгнийхээ төлөө өөрөө хариуцлага хүлээдэг юм. Өнөөдөр Монгол дарангуйллын шинжтэй тогтолцоо руу явж байна. Хууль хяналтын байгууллагын дарга нар нь ирж гишүүдтэй уулздаг. Нөлөөлөх гэж оролддог. Тэр хүчний байгууллагын цаана Ерөнхийлөгч зогсдог. Дээр нь МАН-ын хэсэг бүлэг этгээд, манай намын хоёр толгойлогч зогсдог.Үгэнд нь орохгүй бол шоронд оруулна гэж айлгадаг. Ийм явдал Монголд бий болсон байна
Тэр хүмүүст хандаж хэлэхэд хулгайн бүлэглэл Монголыг залгих гэж оролдож байна. хулгайн бүлэглэлийн эсрэг зогсож чадах эр зоригтой эх орончид Монголд олон бий гэдгийг тэр хүмүүст хандаж хэлмээр байна. Эх орончид олноороо төрж байгаа шүү.
- “Эрдэнэтээс өөр ямар нэг асуудлаар талцал болсон зүйл бий юу?
- АН таван намын нэгдэл учраас таван тийш харах тохиолдол цөөнгүй байдаг. Гэхдээ үндэсний эрх ашигтай холбоотой томоохон асуудал дээр АН, МАН нэгдээд явах нь зүйтэй.Ажлын хэсэг гаргаад шалгалт оруулна гэхэд манай нам орохгүй гэсэн шийдвэрийг гаргаж байгаа нь буруу. Орох ёстой. Шалгалтаа хийх ёстой. Дүгнэлтээ гаргах ёстой, хулгайд алдагдсан 49 хувийг эргүүлэн авч ард түмэндээ өгөх ёстой. Монголын ард түмэн зовж, шаналж, өлсөж байна. Магадгүй хэдэн дарга нар өлсөхгүй байж магадгүй. Манай Ерөнхийлөгч өлсөхгүй таргалж байж магадгүй. Энэ ард түмэн өлсөж байна. Үүнийг ойлгоочээ. Тэр хүмүүст хандан ард түмнээ өчүүхэн ч гэсэн бодооч гэж хэлмээр байна.
- Танай нам Засгийн эрх барьж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан. Та тухайн үед байр, сууриа илэрхийлж болоогүй юм уу. Эсвэл боломж байгаагүй юм уу. Одоо бүх асуудал шийдэгдсэний дараа таныг ингэж яриад байхаар хүмүүс янз бүрээр хардаж эхэлж байна?
- “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах асуудлыг нууцаар шийдсэн. Намын бүлэгт мэдэгдэхгүйгээр Засгийн газрынхаа зарим гишүүнээс нуугаад сонгуулийн өмнө УИХ-ын гишүүдийг эзгүйд шийдвэрлэсэн. Сонгуулийн дараа л уг асуудлыг мэдсэн. Би Ч.Сайханбилэг сайдад гомдоод байгаа юм. Яагаад уг асуудлыг намынхаа бүлэгт танилцуулж болоогүй юм болоо гэж.Ардын нам ариун нандин нам биш. Олон алдаа завхрал гаргаж байсан. Гэхдээ өнөөдөр Ардын намын зарим гишүүд “Эрдэнэт”-тэй холбоотой хулгайн асуудлыг нэг тийш нь болгоё гээд явж байна. Үүнийг нь дэмжих хэрэгтэй. Энэ улсыг аврахын тулд зөв сэтгэлтэй хүмүүс нь нэгдээд явах ёстой гэсэн байр, суурьтай байгаа.
- Өөрт тань намаасаа гаръя гэсэн бодол байна уу?
- Намаас гарах тухай ойлголт байхгүй. Ардчилсан намд би элссэн. Энэ намынхаа төлөө зүтгэж байгаа. Ардчилсан нам ардчилсан үзэл санаан дээрээ ирэх ёстой. Энэ намыг ардчилалынхаа төлөө зогсож чадахгүй байна гэж харж байгаа. Ардчилалын үзэл санаа зөв байхад Ардчилсан нам буруу тийшээ яваад байна. Ардчилсан нам, ардчилсан үзэл хоёр нэг шугам дээр зогсох ёстой. Үүний төлөө би эцсээ хүртэл тэмцэнэ. Гэхдээ Ардчилсан намын толгойд суугаа хэдэн олигархиуд Ж.Батзанданг гадуурхаж энэ намаас хөөх гэж их хор найруулж байгааг би мэдэж байна.
- Таньтай ижил байр, суурьтай хүн танай намын бүлэгт хэр олон байгаа вэ?
- Манай намын бүлгийн ихэнх гишүүд дарамтад орчихсон айдастай байгаа.
Асуудлыг эрүүлээр хардаг хүн цөөн болж. Нөгөө залуусын хэлдгээр доороосоо чангааж, зулгаадаг зүйлтэй болчихсон байна. Эр зоригтой бай гэж би улс төрчдөд хэлж байгаа. Зарчимтай, алсын хараатай бай гэж биднийг сонгосон. Биднийг авлигач, хулгайн бүлэглэлд нэгдэн орж хулгай хий гэж сонгоогүй. Эрхэм түшээд минь, хууль хяналтын байгууллагын эрхэм нөхдүүд минь. Одоо дарга нар нь нийлж хулгай хийдэг боллоо. Үүнийгээ болих хэрэгтэй. Монголоо аваръя гэвэл бид зарчмын талд гарах хэрэгтэй. Үзэл санаа, үнэт зүйлийнхээ талд гарч, өвөг дээдсийнхээ сургуулийг санах хэрэгтэй.
- Есөн гишүүнтэй Ардчилсан намын бүлэг таныг хөөчихвөл энэ бүлгийн оршин тогтнох нөхцөл байдалд хүндхэн асуудал тулгарна. Таны оронд өөр нэг хүн оруулж ирэх асуудал яригдаж байгаа болов уу?
- Бүлэг дээр ийм шийдвэр гараагүй байгаа. Ардчилсан намын нөхдүүд доод, дунд бүр олигархийн түвшинд Ж.Батзанданг хөөчих өө гэдэг яриаг гаргаж байгаа. Тэд чадахгүй ээ. Ардчилсан намаас хөөж болно оо. Би Монголын Ардчилсан нам, улс орныхоо төлөө эцсээ хүртэл явах болно. Ж.Батзанданг Ардчилсан намаас хөөчихөөр асуудал шийдэгдэхгүй. Би Ардчилсан намын төлөө бус Монголын ардчилалын төлөө явна гэдгээ байнга хэлдэг. Ардчилсан намыг ардчилалын замд нь оруулахын төлөө би явна.
- Таныг бүлгийн есөн гишүүнийхээ тоон дээр тоглолт хийгээд МАН-ынхантай нэгдэх нь гэсэн хардлага зарим хүмүүст байгаа байх?
- Монгол Ардын намын бүлэг 65 гишүүнтэй. Ж.Батзандан тэдэнд хэрэггүй. Ардчилсан нам есөн гишүүнтэй. Тэр есөн гишүүн нь зөв зарчимтай, шударга үнэний талд зогсох ёстой. Харин хулгайн бүлэглэлийн талд зогсвол би эсэргүүцэх л болно. Би хулгайчдыг дагах дургүй. Шуудхан хэлье би хулгайг сөрнө.
- Та байнгын хорооны хурал дээр Б.Пүрэвдорж гишүүнийг хулгайч, луйварчингаар нь дуудсан?
-Б.Пүрэвдорж гэдэг хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуурай дүү, хамаатных нь хүүхэд. Тэр өөрийн толгойгүй, хүний үгээр явдаг хүн.
- Таныг УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан гэж үзэж болох юм?
- Би хэлсэн үгэндээ эзэн болдог хүн.
Т.Энхэлээ