УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгасан байна.
Тодруулбал ажлын хэсгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр гаргасан 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90 тэрбум төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13 тэрбум төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувь нь дэмжсэн байна.
Мөн “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тооцон, өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгаас төрийн өмчид ногдох ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хувьцааны ногдол ашгийн орлогыг 10 сая төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг долоон тэрбум төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.