Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй ширүүн маргаан Баянзүрх дүүрэгт өрнөөд байна. Тус дүүрэгт АН 22, МАН 19 суудал авчээ. Ингээд тус дүүрэгт болж буй үйл явцын талаар Баянзүрх дүүргийн АН-ын дарга, тус дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагаас тодрууллаа.
- БЗД-т сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээс үүдэн маргаан үүсээд байна. Ер нь танай дүүрэгт юу болоод байна вэ?
- Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам 22 суудал, Ардын нам 19 суудал авсан эцсийн дүн гарсан. Үүнийг СЕХ, нийслэлийн Сонгуулийн хороо зарласан байдаг. Гэтэл дүүргийн сонгуулийн хороо ямар нэгэн шалтгаангүйгээр 6 хүний нэрийг хассан. Энэ удаагийн Сонгуулийн хуулийн гол өөрчлөлтөөр маргааныг сонгуулийн хороо биш, шүүх шийдвэрлэдэг болсон. Сонгуулийн хуулийн 3.1.7-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг хэлнэ” гэж байгаа. Эцсийн маргааныг шүүх шийдвэрлэнэ гэсэн эрх зүйн зохицуулалттай байгаа. Гэтэл БЗД-ийн Сонгуулийн хорооны дарга н.Бат-Өлзий гэдэг хүн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, нарийн бичгийн дарга Сонгуулийн хорооны дарга хоёулаа гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болдог тогтоолд дан ганц өөрийн гарын үсгийг зурж, тогтоол үйлдэж 6 хүний нэрийг хассан байгаа юм. Энэ бол хүчин төгөлдөр бус шийдвэр. Хоёдугаарт, Сонгуулийн хороо сүүлийн тав хоног ажлаа хийсэнгүй. Нэр дэвшигчид Сонгуулийн хорооны ажлыг хүлээсэн байдалтай байна. Дүүргээс анхдугаар хуралдааныг зарласан. Ингэхэд тав хоног олдохгүй байсан Сонгуулийн хорооны дарга гэнэт гарч ирээд л алга болчихсон. Шүүхийн шийдвэр гараагүй байхад 6 хүний нэрийг хасаж болохгүй.
- Нөхцөл байдал яаж шийдэгдэхээр байна? Та бүхэн уг асуудлаар зохих байгууллагуудад нь хандсан уу?
- БЗД-т байдал хурцадмал байгаа. Төлөөлөгчид хуралдаандаа ирэхэд хурлыг хийлгэхгүй, индэрийг нь булааж хэвийн ажиллах нөхцөл байдлыг алдагдуулаад байна. Ардын намынхан иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, ажлаа явуулах ёстой юм гэдгийг л хэлмээр байна. Бид хандаж болох бүхий л төрийн байгууллагад хандсан. Монгол улсад хууль үйлчлэх ёстой. Хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих зохих шатны байгууллагууд байдаг. Үүний жишээгээр Сонгуулийн ерөнхий хороо, нийслэлийн сонгуулийн хороонд хандсан. Захиргааны хэргийн шүүхэд мөн хандсан. Албан тушаалтантай холбогдох хэргээр АТГ, Цагдаагийн холбогдох байгууллагуудад өргөдлөө гаргах ёстой юм билээ. Үүнийх нь дагуу БЗД-ийн АН-ын нэр бүхий хүмүүс өргөдөл, гомдлоо гаргаад өгчихсөн байгаа.
- БЗД-т үүссэн маргааныг хуулийн дагуу хэд хоногийн дотор шийдвэрлэх ёстой юм бэ. Асуудлыг нэг талд нь гаргахгүй бол маргаан үргэлжилж тэр хэрээр дүүргийн ажил цалгардсаар байх болно шүү дээ?
- Сонгуультай холбоотой асуудлыг 7-14 хоногт шийдвэрлэнэ. Цагдаад өргөдөл гомдол нь шалгагдаад шүүх рүү гээ шилжих ёстой байдаг. Хуулиараа дэс дарааллын наана, цаанын л асуудал байгаа. Ардын нам шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүхээс түрүүлж, давуулж шийдвэр гаргачихаад байна. Анхдугаар хуралдаан хийгдээд төлөөлөгчөө сонгосны дараа зарим төлөөлөгчийн хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол эргүүлэн татаад дахин сонгууль явуулна. Нөхдүүд ямар нэгэн аргаар эрх, мэдэл албан тушаалдаа хүрчих юм бол эрх барьж буйгаараа түрүү барьж өөрсдийн талаасаа хурлын болоод Засаг даргаа тавиулах гэсэн зорилготой байна. Түүнээс биш төлөөлөгчийн эрх ашгийг татах нь тэртээ тэргүй шүүхээр шийдэгдэх асуудал.
- Сонгуулийн санал хураалтын өдөр БЗД-ийн АН-ын сонгуулийн штабын ажилтнуудын мөнгө тараасан бичлэг цахим ертөнцөд тарсан. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
- Би бичлэгийг интернэтээс харсан. Улаан цайм өөрсдөө найруулсан бичлэг байна лээ. АН гэсэн нэрийн дор огт танихгүй хүний бичлэгийг хийж байгаа юм. Тэгээд мөнгө тараасан гэдэг зохиомол жүжиг хийгээд түүнийгээ олон нийтийн хэрэгслээр цацаад байна. Хэрвээ хүнийг нууцаар бичиж байгаа бол ямар нэгэн хөдөлгөөнтэй байна биз дээ. Бичлэг хийж байгааг нь мэдсээр байж өөдөөс нь хараад “Энэний төлөө саналаа өгөх юм бол хэдэн төгрөг өгнө шүү” гэж хэн ч хэлэхгүй. Нөгөө хүн бичүүлж байгаагаа мэдэж байна гэсэн үг. Ийм бичлэг хийж байна гэдэг нь зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй юм. Энэ удаагийн сонгуулийн хуулийн гол онцлог нь аливаа маргааныг сонгуулийн хороо биш шүүх шийддэг болсон юм. 2008 онд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга нь сонгууль будлиантуулсаныхаа дараагаар Эрдэнэтийн газрын дарга болж байсан. Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны дарга нь тухайн дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн дарга болж байсан. Энэ юуны гавъяа шагнал аваад байгаа юм. Тэгэхээр ашиг сонирхлын зүйлтэй холбоотой болчихоод байна. Нэр дэвшигч мөнгө тараасан гэвэл Увс аймагт Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудал байж л байгаа. Мөнгө тараасан бичлэг гэвэл МАН-ынх л их байгаа байх интернэтэд. Эд нар өөрсдөө ийм үйлдэл хийсэн хүмүүс. Маш сайн гаргууд зохион байгуулж бичлэг хийсэн. Хэрэг хийсэн хүн хэргээ далдлан зайлуулахын тулд ийм үйлдэл хийж байгаа юм боловуу гэж бодож байна.
Тэрбээр уг тодруулгыг өчигдөр үдээс өмнө өгсөн юм. Харин үдээс хойш БЗД-ийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж сонгогдсон төлөөлөгчдөд үнэмлэх энгэрийн тэмдгийг нь гардуулсан байна. Анхны хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг, ИТХ-ын даргаар Ш.Ганчимэгийг сонгосон байна. Түүнчлэн тус хуралдаанаар ИТХ-ын тэргүүлэгчээр Ш.Ганчимэг, Ц.Батхүү, Э.Эрдэнэ, Х.Энхсайхан, М.Далайцэрэн, Э.Хатанбаатар, Л.Батдэлгэр нарыг сонгон олонхийн саналаар баталгаажуулжээ. Уг хуралд МАН-ын 19 төлөөлөгч оролцоогүй ч ирц 53.6 хувьд хүрсэн учир ийнхүү хуралдсан байна.
Т.Энхэлээ