Та, бидэнд нь байгаа хором мөч бүхэн хязгаартай. Энэ хором мөчийг өөр хэн нэгний амьдралаар амьдарч дэмий үрэх хэрэггүй. Хамгийн чухал зүйл нь өөрийнхөө сэтгэл зүрх, зөн совинг дагах зоригтой бай. Ингэснээр та өөрийнхөө хэн болохыг хүсч байгаагаа таньж мэдэж чадна. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.
Авлигатай тэмцэх хөтөлбөрийг батлав
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Э.Түмэнбаяр, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Билгүүн нарын гаргасан мэдээллийн дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, энэ хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй...” гэсэн хэсгийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэснийг тэрбээр танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 11 дүгээр дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Ахмадад олгох тэтгэлгийг 65 наснаас эхлүүлнэ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх, саналтай гишүүн байгаагүй учир ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 28 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан юм. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахманд настанд 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ.
Үүний дараа Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар үг хэлж, санал хэлэх гишүүн байгаагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар болов.
Цахилгаан тогоотой хоолонд унаж түлэгджээ
Өчигдөр хөдөө орон нутагт хоёр хүүхэд цахилгаан тогоотой хоолонд түлэгджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн суманд 5 настай эмэгтэй Ч нь гэртээ цахилгаан тогоотой хоолонд унаж түлэгдсэн байна. Мөн Дундговь аймаг Цагаандэлгэр суманд 4 настай эрэгтэй М гэртээ цахилгаан тогоотой буцалсан усанд унаж, зүүн шилбэ нь түлэгдсэн хэрэг гарчээ. Одоогийн байдлаар хүүхдүүд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, цахилгаан тогоонд хоол, цай хийхдээ хүүхэд хүрэхгүй газар анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Засгийн газраас “Рио-2016” олимпоос мөнгө медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая төгрөгийг гардуулан өглөө
Бразилийн Риоде Жанейро хотноо болсон Зуны олимпийн 31-р наадмаас медаль авсан тамирчдад Засгийн газраас өнөөдөр мөнгөн шагнал олголоо. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад 60 сая төгрөг, дасгалжуулагчид нь 30 сая төгрөг, боксийн төрөлд хүрэл медаль хүртсэн МУГТ Д.Отгондалайд 30 сая төгрөг, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг, Паралимпээс паурлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд 30 сая төгрөг, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг, паралимпээс жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөгийг гардуулан өгөв.
З.Даваасүрэн: Амиа алдсан 7 настай хүүгийн дурсгалд зориулсан дуу удахгүй мэндэлнэ
Эгч нь “Хүний сайхан сэтгэл”-ээр амьдарч явна даа гэж ярих энэ бүсгүйг Занабазарын Даваасүрэн гэдэг. Тэрбээр кино урлагийн алтан үеийн сор болсон бүтээлийн нэг нь “Хүний сайхан сэтгэл” Монголын уран сайхны киноны жирэмсэн эмэгтэй Дэжидийн дүрийг одоогоос 30 орчим жилийн өмнө бүтээж байсан. Түүнээс хойш хувийн уран бүтээл хийж, гол төлөв хүүхэд рүү чиглэсэн уран бүтээл чамгүй олныг хийсэн байна Мөн нийгмээс тусгаарлагдсан хорих анги, хүний хайр халамж хүссэн асрамжийн газрын хүүхдүүдэд очиж үнэгүй жүжиг тоглож өгдөг аж. Мөн үүнээс гадна “Мөнхзул” нэртэй ганц хүний театрыг үүсгэн байгуулагч, жүжигчин, яруу найрагч Соёлын тэргүүний ажилтан З.Даваасүрэнтэй амьдрал, уран бүтээлийнхэн нь талаар ийнхүү ярилцсанаа хүргэе.
-Монгол түмний сэтгэлд хоногшсон “Хүний сайхан сэтгэл” киноны жирэмсэн эмэгтэй Дэжидийн дүрийг та хэдэн онд бүтээж байв гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Баярлалаа. Бололгүй яахав. Би Баянхонгор аймгийн Баян-Овоот сумын харьяат хөдөөний хүүхэд л дээ. 1979 онд Улсын багшийн дээд сургуулийн дуулаачийн ангид оюутан болж “Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглодог П.Цэвэлсүрэн багшид шавь орж дуулаач байсан юм. Тухайн үед би гурван өдөр өвчтэй хичээлдээ ирээгүй. Энэ хойгуур манай сургууль дээр жирэмсэн эмэгтэйн дүрд хүн шалгаруулж асван, кино драмын ангийн хүүхдүүд очиж пробонд орж байсан юм байна лээ. Нэг өдөр хичээлдээ ирсэн чинь энэ талаар хүүхдүүд яриад тэгсэн “Би ямар азгүй юм бэ, ийм сайхан зүйлээс хоцорчихлоо” гэсэн юм бодоод шатаар дээш гарч байтал нэг хүн намайг дуудаад “Чи аль ангийн хүүхэд вэ. Ойрдоо сургууль дээр байсан уу” гэж асуудаг юм байна. “Байгаагүй. Би өвчтэй байсан” гэхэд тэгвэл багштай чинь уулзъя гээд манай багштай уулзаад энэ хүүхэдийг пробонд оруулна гээд зөвшөөрөл аваад шууд кино үйлдвэр дээр ирлээ. Очтол Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай сууж байсан. Тухайн үед би маш гоё эмэгтэйн дүрд тоглох юм байна гэж бодохгүй юу. Гэтэл Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай “Энэ хүүхэд яагаад одоо хүртэл ингээд зүгээр сууж байгаа, наад юмаа зүү” гэдэг юм байна. Гайхаж харснаа “Би энийг зүүх юм уу гэсэн чинь “Энэ жирэмсэн эмэгтэйн дүр шүү дээ. Наад гэдсээ зүү” гэсэн. Гэдсээ зүйгээд пробонд ороод шууд тэнцсэн. 1987 онд Улсын багийн их сургуулийг дулаач, кино жүжигчний ангийг зэрэг төгссөн. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Пак Гын Хэ, Чой Сун Сил нар ямар холбоотой вэ?
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найз Чой Сун Сил нарын дуулиан намжихгүй байна. Солонгосын иргэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг татгалзуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн Сөүл хотноо 28,000 жагсагчид тэмцэж байна. Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон Чой Сун Сил нар 40 жил үерхэж, нөхөрлөсөн лотны найзууд аж. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ нь өөрийн найз Чой Сун Силд төрийн нууцад хамаарах бичиг баримтыг дэлгэсэн, томоохон байгууллага, компаниас их хэмжээний санхүүжилт авсан авилгын хэрэгт холбогдсон хэмээн буруутгаж байна.
Чой Сун Сил гэж хэн бэ?
Чой Сун Сил нь 60 настай бөгөөд Өмнөд Солонгосын төрд ямар нэгэн алба хашидаггүй аж. Тэрээр ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй 40 жилийн турш найзалж, нөхөрлөсөн. Тэрээр өөрийн нэрийг 2 удаа сольсон бөгөөд хуулийн дагуу Чой Сео Вон хэмээн нэрлэдэг. Мөн Пак Гын хэ-гийн зөвлөх Чой Тае Мин тавдах охин аж. Чой Сун Сил нь 1998 онд улс төрд орж, туслахаар нь ажиллаж байсан түүхтэй. Мөн албан ёсны эх сурвалжуудын үзэж буйгаар 1974 онд Пак Гын Хэгийн ээж Хойд Солонгосын хөлсний алуурчинд алуулсанаар түүнтэй ойртож, нөхөрлөсөн гэдэг. Энэ үед Пак Гын Хэ-гийн аав Пак Чунг Хэ ерөнхийлөгч, цэргийн зааварлагчаар ажиллаж байжээ.
Чой Сун Силийн аав Чой Тае Миний талаар "The Korea Times" сонинд нийтэлсэнээр "Чой Тае Мин нь "Дотоод сэтгэлийн амьдрал" гэх сүмийн үүсгэн байгуулагч бөгөөд шинэ төрлийн урсгалыг гаргасан гэж үздэг гэв. Энэхүү шинэ төрлийн урсгалтай сүм нь Христ, Будда, бөөгийн нэг төрлийн урсгал буюу Чеондисм ургалыг нийлүүлсэн урсгал аж. Чой өөрийгөө орчин үеийн Будда бурхан хэмээн өргөмжилдөг байна. Тус сүм гурван өөр шашины уламжлалыг хольж, үхэгсэдтэй харилцаа тогтоох, хүний амьдралд ид шидийг бүтээдэг хэмээн өөрийн үйл ажиллагаагаа хэвлэлэээр дамжуулан суртчилдаг аж.
Чой Сүн Силийн эцэг 82 насандаа өөд болж, цааш үйл хэргийг нь үргэлжлүүлэн явсан гэдэг.
Өмнөд Калифорниагийн их сургуулийн Солонгос судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Давид Канг "Чой Сүн Силийн гэр бүл ерөнхийлөгчийн амьдралын бүхий л цаг хугацаанд нөлөөлж ирж байсан" хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.
Мөн Чой Сүн Сил нь дээр хэлсэнчлэн аавынхаа үйл хэргийг залгамжлан сүмийнхээ удирдагч болсон гэдэг. Өмнөд Солонгосын иргэд бөөгийн урсгалыг шүтдэг хэмээн гаргасан байдаг. Солонгосын бөөгийн урсгалыг Муизм гэж нэрлэх нь бий. Энэ нь Японы Шинтойзим урсгалтай тун төстэй аж. Солонгос улсын урлаг, соёлын яамаас мэдээл буйгаар Муизм урсгал нь Солонгосчуудын итгэл үнэмшилийг хүлээсэн нэг төрлийн урсгал болоод байна. Тэд өөрсдөө хүн төрөлхтөнг бурхантай холбогдож байна хэмээн үздэг гэв. Мөн Солонгос улс Мүүний шашины урсгалын эх орон бөгөөд бүх нийтийг хамарсан хуримыг зохион байгуулж, гэр бүлийг хүртэл бурханы өмнө салгадаг. Жинхэнэ аав, ээжийн уламжлалыг дээдэлдэг орон юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Гадаад паспортын захиалгыг Драгон, Дүнжингарав дээр авна
Иргэдийн хувьд гадаад паспорт захиална гэдэг маш төвөгтэй асуудал болсон. Паспортаа захиалах болон авахын тулд багагүй оочер дугаар үүсгэдэг. Тэгвэл манай улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ.
Тодруулбал гадаад паспорт захиалах иргэд Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон төвд байрлаж буй Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд очиж гадаад паспортоо захиалах боломжтой болсон байна. Уг үйлчилгээ төрийн нэгдсэн төвд шилжсэнээр олон давуу талууд бий болжээ. Тухайлбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээл төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй. Бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм байна.
"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Өглөө сэрээд өнөөдөр би юу хийх ёстой гэдгээ өөрөөсөө асуу. Харин орой унтахаасаа өмнө юу хийснээ асууж бай.