8o
Улаанбаатар хот
mobile menu

Солонготын даваа ашиглалтанд орж Цэцэрлэгийнхэн бүтээн байгуулалтаа танилцууллаа

2015-12-14 15:02:00

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Архангай аймагт ажиллалаа. Энэ үеэр Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын барилгын ажил дуусч нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаа Архангай аймгийн Тариат суманд болж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, М.Санжмятав  болон Архангай, Завхан аймгийн ард иргэд оролцлоо.

Энэ үеэр “УИХ-ын энэ бүрэн эрхийн хугацаанд зам, тээврийн салбарт томоохон ахиц гарлаа. Энэ хугацаанд 6000 орчим км зам тавилаа. 2015 онд тавьсан 1000 гаруй км замын гол хэсэг болох Халзанбүргэдэй-Солонготын давааны хатуу хучилттай автозамын нээлт өнөөдөр болж байна. Улаанбаатар хотоос 700 орчим км алс энэ замыг 7 орчим цагт туулах боломж бүрдлээ” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Тэрбээр цааш нь “Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг газарт монголчууд аялж, эх орныхоо байгалийн сайхантай танилцах, аялах сайхан боломж бүрдэж байна. Зам дагаж хөгжил гэдэг, аялал жуулчлал хөгждөгийн жишээг Хөвсгөл аймгийг зорьсон аялагчдын цуваа өнгөрсөн зун бидэнд харуулсан. Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон анхны зун 43 мянган тээврийн хэрэгсэл тус нутагт зорчсон бол ирэх зун Архангай аймагт дотоод, гадаадын аялал жуулчлал хөгжиж, үүнийг дагаад эдийн засаг, бараа таваарын эргэлтэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Зам дагаж хөгжил гэдэг, энэ том бүтээн байгуулалт монголчууд бидний амьдралд ач холбогдлоо өгнө. Ирэх хавар Завхан аймгийн Тосонцэнгэл сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдоно, бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд хатуу хучилттай автозамаар холбогдох төлөвлөгөө бий. 2016 онд багтааж Монгол Улсынхаа 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой засмал замаар холбох зорилтоо бид хэрэгжүүлнэ. Эдгээр замууд гүйцэтгэх эзэнтэй болсон, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ” гэлээ.  Ерөнхий сайд тус аймагт ажиллах үеэр Архангай аймгийн Автотээврийн төвийн шинэ байрны нээлт, спортын гүнзгийрүүлсэн сургалттай биеийн тамирын сургуулийн үйл ажиллагаа, ТОСК-н шинээр барьсан орон сууц зэрэг бүтээн байгуулалтуудтай тус тус танилцаж, мөн “Гудамж” төслийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

2012 оноос хойш Цэцэрлэг хотод 600 ортой 5 шинэ цэцэрлэг, 2 цэцэрлэгийн өргөтгөл, спортын гүнзгийрүүлсэн сургалттай 1 сургууль, 744 айлын орон сууц шинээр барьж ашиглалтанд орсон байна. Цэцэрлэг хот хүүхдийн цэцэрлэгийн асуудлаа 100 хувь шийдвэрлэсэн аймгаар шалгарсан бөгөөд шинээр ашиглалтанд орж буй орон сууцнуудын 1 давхрыг цэцэрлэг болгон ашигласнаар ихээхэн ач холбогдол өгчээ. Түүнчлэн Засгийн газрын зүгээс 21 аймагт 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн хүрээнд Цэцэрлэг хотод эхний 120 айлын 3 орон сууц ашиглалтанд орсон байна.

Тус аймгийн төв төсөл хэрэгжихээс өмнө 5.2 км хатуу хучилттай авто замтай байсан бөгөөд “Гудамж” төсөл хэрэгжсэнээр нийт 14 км хатуу хучилттай авто замтай болж, уулзварууд нь гэрлэн дохиотой дөрвөн зам болон тойрог хэлбэрийн зөв зохион байгуулалттай болжээ. Тус төслийн гүйцэтгэлтэй танилцсаны дараагаар Ерөнхий сайд хэлээд манай орон нутаг, аймгууд олон улсын жишигт хүрсэн ийм гудамж талбайтай болоосой гэж хүсч байна, Энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах болно гэлээ.

Авто зам, уулзваруудыг өргөтөн шинэчлэхдээ мэргэжлийн байгууллагуудаас олгосон техникийн нөхцөлтэй уялдуулан цахилгаан болон усан хангамж, холбоо, гэрэлтүүлэг, дулааны шугам сүлжээг шинээр сувагчлал байгуулах, сувагчлалыг хүчитгэх, агаарын баганыг өндөрлөх, газрын кабелийг шилжүүлэх зэргээр цогцоор нь шинэчилсэн байна.

Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Гарамгайбаатар, Д.Тэрбишдагва болон нутгийн иргэд, энэ ажлыг гүйцэтгэсэн компанийн ажилтнууд оролцлоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл