8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнхцэцэг: СЕХ-ноос сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, боловсролыг нь дэмжих чиглэлээр юу ч хийсэнгүй

2016-10-24 21:00:00

Орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүйн улмаас өчигдөр нэмэлт санал хураалтыг нийт 135 тойрогт явууллаа. 1996 оны сонгуульд нийт санал өгөгчдын 98 хувь нь сонгуульдаа оролцдог байсан гэдэг. Гэтэл сүүлийн үед иргэдийн санал өгөх идэвх сонгуулиас сонгуулийн хооронд муудаж буй нь олон нийтийн толгойны өвчин болж байна гэж хэлж болно. Тэгвэл иргэдийн санал өгөх идэвх муудаж буй шалтгаан болон сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуудлаар улс төр судлаач, МУБИС-ийн багш, Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

 Энэ жил аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай зэрэг явуулсан нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ач холбогдлыг бүр бууруулчлаа

- Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүйн улмаас дахин сонгууль зохион байгууллаа. Сонгууль болох бүрт иргэдийн санал өгөх идэвх толгой өвтгөсөн асуудал болж буй шалтгааныг та юутай холбон тайлбарлах вэ? Ер нь яагаад иргэдийн идэвх ингэж буураад байгаа юм бол?

- Сонгуульд оролцох иргэдийн оролцоо буурч байгаа нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн ардчиллын өмнө тулгамдаж буй асуудал болоод байгаа. Жил ирэх тутам хүмүүс улс төрөөс хүнийсч улс төрийн жагсаал цуглаан, сонгуульд оролцох нь багасч байна. Либераль ардчилсан орнуудын сонгогчдын оролцооны дундаж нь 60 хувьтай байна. Баруун Европын нэлээд оронд сонгуулийн ирц дөнгөж 50 хувь шүргэж байна. Ийнхүү сонгогчдын оролцоо буурч байгаа нь олонхийн санал дээр тулгуурладаг ардчилсан засаглалын мөн чанарыг алдагдуулахад хүргэх аюултай юм. Тийм учраас дэлхий даяар сонгогчдын оролцоог дэмжихэд чиглэсэн кампаничилсан арга хэмжээ, хууль зүйн зохицуулалтууд хийгдэж байна. Монгол улсын хувьд сонгогчдын оролцоо буурах үзэгдэл бүх шатны сонгуульд байнга ажиглагдаж байгаагаас хамгийн бага оролцоотой нь орон нутгийн сонгууль болж байна. Монгол Улсын түүхэнд анх удаа 2008 онд нийслэлийн 3 дүүрэгт, 2012 онд нийслэл болон Дархан-Уул, Орхон аймгийн нэлээд хэсгийн хороодод ирц хүрээгүй учраас нэмэлт сонгууль явуулж байлаа. Орон нутгийн сонгуульд иргэд идэвхгүй оролцож байгаа гол шалтгаан нь иргэдийн дунд орон нутгийн хурлын байгууллагын үйл ажиллагааг дутуу үнэлэх, орон нутгийн сонгуулийг үл тоох явдал юм. Энэ байдал нийслэлийн сонгогчдын дунд илүүтэй байдаг нь судалгаанаас харагддаг. Иргэд орон нутгийн хурал гэхээс илүү Засаг дарга, УИХ-ын гишүүнд асуудлаа хэлж, өргөдөл гомдлоо шийдүүлэх эрмэлзэлтэй байдаг.

- УИХ, НИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулсан нь нь орон нутгийн сонгуулийн ач холбогдлыг бууруулсан гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

- Тийм. Энэ жил аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай зэрэг явуулсан нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ач холбогдлыг бүр бууруулчлаа. Манай Улс төрийн коммуникацийн хүрээлэнгээс сонгуулийн өмнөхөн төвийн 4 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүрэгт хийсэн олон нийтийн санаа бодлын судалгааны дүнгээс харахад хөдөөгийн сонгогчидтой харьцуулахад нийслэлийн сонгогчид УИХ-ын сонгуулийн үеэрх намуудын ухуулга сурталчилгаанаас залхсан байдалтай, орон нутгийн сонгуульд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь харагдсан. Энэ байдал нь мөн 18-35 насны залуу сонгогчдын бүлэгт харагддаг. Сонгогчдын оролцоонд нөлөөлж буй дараагийн нэг хүчин зүйл бол сонгогчийн бүртгэлийн систем. Зөвхөн тухайн оршин сууж буй газраа байнгын бүртгэлтэй иргэд л орон нутгийн сонгуульд саналаа  өгөх ёстой. Гэтэл хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн газар авч байгаагийн улмаас хотод шинээр суурьшиж буй иргэдийн нэлээд хувь нь дүүрэг, хорооноос зөвшөөрөл өгөөгүй “задгай” хэмээн нэрлэгдэх газарт бууж иргэний үнэмлэхээ албан ёсоор шилжүүлж чадаагүй байдаг нь сонгуульд үл оролцох нэг шалтгаан болдог. Мөн нийслэлд түр хугацаагаар оршин суугч гэж тооцогддог оюутнууд болон улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг хүмүүс сонгуульд оролцохгүй завсарддаг томоохон бүлэг болж байгаа юм. Зарим иргэдийн хувьд байраа түрээсэлсэн, өөр дүүрэгт шилжиж очсон боловч албан ёсоор тухайн хороондоо бүртгүүлээгүй гэх мэт шалтгаанаар сонгуулиа өгөөгүй тохиолдлууд байдаг. 

- Ирц хүрэхгүй байгаа шалтгааныг иргэдийн улс төрд итгэх итгэлтэй холбон ярих хүмүүс байна?. Та үүнтэй санал нийлэх үү?

- Сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны дүнгүүд иргэдийн улс төрийн албан тушаалтнууд болон улс төрийн намд итгэх итгэл буурч, улс төрөөс хүнийсч байгааг харуулдаг. Хэдий тийм боловч сонгуульд нийтээр оролцохгүй байх хүртлээ иргэдийн итгэл унасан гэвэл бодит байдалд нийцэхгүй. Тодорхой цөөн сонгогчдын хувьд улс төрийн намд итгэх итгэл алдарсны улмаас сонгуульд оролцохгүй байх, бойкот хийсэн байх магадлалтай. Гэхдээ энэ нь маш бага хувь эзэлж байгаа. Харин зарим улс төрчид “Төр засгийн бодлогыг эсэргүүцсэндээ олон хүн сонгуульд оролцсонгүй, засгийн газрыг огцруулах хэрэгтэй” гэх мэтээр сүржин мэдэгдэл хийж байгаа нь ташаа зүйл. Хэрэвзээ сонгогчдын 50-иас дээш хувь нь ийм шалтгаанаар сонгуулийг бойкотолсон бол дээрх мэдэгдэл үнэн байх магадлалтай. Гэвч тийм биш юм.

- Та иргэдийн улс төрийн намд итгэх итгэл буурч, улс төрөөс хүнийсч байгаа гэлээ. Яагаад ийм зүйл болж байна вэ?

- Энэ үйл явц бас л зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар болж байна. Улс төрөөс хүнийсч байгаа нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгд, амьдралын түвшин хангалуун болох тутам улс төрийг сонирхох нь буурдаг, хоёрт, оршин буй улс төрийн тогтолцоонд итгэл алдарсан үед улс төрөөс мөн хүнийсдэг. Тухайлбал, Өрнөдийн орнуудад 1980-аад оноос улс төрийн нам ба сонгогчийн хоорондын тогтвортой холбоо тасрах, хүнийсэх үйл явц эхэлсэн юм. Аж үйлдвэрийн эрчимтэй хөгжил, хүн амын орлогын тогтвортой өсөлт, нийгмийн бүх гишүүдийн боловсролын хүртээмж нэмэгдсэний үр дүнд нийгэм дэх давхраажилтын эрс ялгаа бүдгэрч тогтвортой, чинээлэг дунд анги бий болжээ. Ямар нам засгийн эрхэнд гарахаас үл хамааран орлогын түвшин нь тогтвортой байдаг тул энэхүү чинээлэг дунд анги улс төрийг сонирхохгүй болж улс төрийн намаас хөндийрч эхэлсэн юм. Улс төрийн намд үйлдвэр, хамт олноороо гишүүнээр элсч кампаничлан дэмждэг байсан цаг ард хоцорч улс төрөөс хүнийсэх үйл явц газар авсан нь өнөөг хүртэл үргэлжилж байна. Монгол улсын хувьд дээр дурьдсан улс төрөөс хүнийсэх хоёр шалтгаан нийгмийн тодорхой бүлгүүдэд аль аль нь ажиглагддаг. Нийслэлийн зарим чинээлэг хотхон, хороодод 2008 оноос хойш орон нутгийн сонгуулийн ирц байнга доогуур явж ирлээ. Үүний гол шалтгаан бол орон нутгийн сонгуульд саналаа өгсөн, өгөөгүй эсэхээс хамааран тухайн сонгогчийн гэр бүл, орлогод ямар ч нөлөө үзүүлэхгүй байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл орлогын түвшин дунджаас өндөр сонгогчдын хувьд сонгууль, тэр дундаа орон нутгийн сонгууль ямар ч ач холбогдолгүй байдаг. Тийм учраас ийм бүлэгт хамаарах сонгогчдыг улс төрөөс хүнийсч байна гэж үзэхээс өөр аргагүй. Мөн орлогын түвшин дунджаас доогуур сонгогчид болон залуу сонгогчдын хувьд санал өгөлт нь тогтворгүй, сонгууль бүрт нэг намаас нөгөө намд шилжиж санал өгдөг, нам, нэр дэвшигчдийн популист амлалтанд өртөх магадлал өндөр, сонгуульд оролцохгүй байх, оролцсон ч хэн нэгний нөлөөн дор саналаа өгөх магадлал өндөр байдаг нь судалгаанаас харагддаг.

-Ер нь аль нэг намыг байнга дэмждэг сонгогчид хэр олон байдаг бол?

-Энэ тоог хэд, хэдэн сонгуулийн харьцуулсан дүн болон удаа дараа нэг намд саналаа өгсөн сонгогчдын хувь хэмжээг тооцоолсны үндсэн дээр хэлэх боломжтой. Ингэж тооцоолж үзэхэд манай сонгуульд оролцож саналаа өгч буй сонгогчдын 60-65 хувь нь МАН болон АН-д тогтвортой санал өгч байна. Харин 30-40 хувь нь нэг сонгуулиас нөгөө сонгуульд улс төрийн өөр өөр намд юмуу гуравдахь нам, бие даагч нарт саналаа өгч байна. Санал өгөлт нь тогтворгүй байдаг эдгээр сонгогчдыг мэргэжлийн хэлээр “хөвдөг сонгогч” гэдэг. Чухамхүү хөвдөг сонгогчид тухайн сонгуульд аль нам руу хэлбийснээс хамаарч сонгуулийн ялалт, ялагдлыг шийдээд байгаа юм. Үүнийг 2012 болон 2016 оны УИХ-ын сонгуулийн жишээн дээр авч үзвэл илүү тодорхой харагдана. 2012 онд МАН сонгогчдын 31.31 хувь, АН 35.32 хувь, бусад нам, бие даагчид 33.37 хувь, үүнээс 22.04 хувийг МАХН авч байсан бол 2016 онд МАН сонгогчдын 44.87 хувь, АН 33.09 хувь, бусад нам, бие даагчид 22.04 хувийн санал авсан. 2016 оны УИХ-ын сонгуульд хөвдөг сонгогчдын санал МАН-д нэмэгдэж орж ирснээр сонгуулийн 65 тойрогт ялалт байгуулах боломжтой болсон.

СЕХ-ноос сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, сонгогчдыг саналаа өгөхөд уриалах, сонгогчдын боловсролыг дэмжих чиглэлээр юу ч хийсэнгүй

-Сонгуулиа өгөөгүй иргэдийг нэг өдрийн цалингаар торгодог болох хэрэгтэй. Иргэд сонгуульд идэвхтэй байж улс төрийн оролцоогоо хангаж чадна. Мөн өөрчлөлтийг ч хийж чадна гэж ярих хүмүүс байдаг. Харин зарим нь “иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Сонгохгүй байх эрх ч иргэдэд бий” гэдэг. Таны бодлоор аль нь зөв юм бэ?

- Дэлхийн улс орнуудад сонгогчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд мэдээлэх, сурталчлах, боловсрол олгох, дайчлах, урамшуулах гэсэн аргуудыг түлхүү хэрэглэж байна. Мэдээлэх гэдэг нь сонгууль хэзээ хаана болох, сонгогч саналаа хэрхэн өгөх, хаана бүртгүүлэх, саналын хуудас дээр тэмдэглэгээг хэрхэн хийх гэх мэтийг шат дараалан сонгогчдод зааж өгөх явдал юм. Улсууд хоорондын хүн амын шилжин суурьших явдал хурдацтай нэмэгдэж байгаагийн улмаас Баруун Европ, Канад, Австрали зэрэг орнуудын сонгуулийг эрхлэн явуулах байгууллагуудын ачаалал нэмэгдэж сонгууль бүрт гадаадаас ирсэн, цагаач иргэдэд зориулан сонгуультай холбоотой мэдээллийг 20-30 хэл дээр нэгэн зэрэг хүргэх болж байна. Гэтэл манайд саналаа хаана өгөхөө мэдэхгүй явсаар санал хураалтын өдөр болгож байгаа сонгогчид олон байна,СЕХ-ноос иргэдэд мэдээллийг хүртээмжтэй өгч чадахгүй байнаСурталчлах гэдэг нь сонгууль яагаад чухал болох, иргэн хүн яагаад сонгуульд оролцохёстой гэдгийг сонгогчдод хэвлэл мэдээлэл, урлаг уран сайхан, тэмцээн уралдаан гэх мэт бүхий л сувгаар далайцтай хүргэх явдал юм. Улс орнуудын жишээнээс харахад анх удаагаа саналаа өгч буй залуу сонгогчдыг ихэд онцгойлон анхаарч тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр, арга хэмжээ авах нь түгээмэл байна. Үүний тулд дунд сургуулийн ахлах ангийн сурагчдаас эхлэн оюутны бүлгүүдэд төрөл бүрийн загвар сонгууль явуулах, сонгуульд өрсөлдөх болон саналаа өгөх бэлтгэлийг хангах, рок хамтлаг болон урлагийн янз бүрийн арга хэмжээгээр дамжуулан сонгуульд оролцохыг уриалах гэх мэт олныг хамарсан сурталчилгаа явуулдаг. Сонгогчдын оролцоог хөхүүлэн дэмжсэн сурталчилгаа, мэдээллийн эдгээр арга хэмжээнээс гадна сонгуульд оролцохыг мөнгөн хэлбэрээр урамшуулах буюу сугалаа байдлаар хонжвор олгох, эсвэл сонгуульд оролцохыг үүрэг болгон хуульчлах буюу оролцоогүй сонгогчдод торгууль, шийтгэл оногдуулах гэсэн аргыг мөн нэлээд улс оронд хэрэглэх болов. Хамгийн олон сонгууль явагддаг, иргэд сонгуулиас залхах байдалтай байдаг учраас АНУ-ын Аризона зэрэг нэлээд мужид сонгогч санал өгсөн баримтаараа сугалаанд оролцож 1 сая хүртэл доллар хожих боломжтой байдаг. Мөн Австри, Швейцарь, Португаль зэрэг дэлхийн 26 улсад сонгуульд оролцохыг үүрэг болгон хуульчилж, оролцоогүй иргэдэд мөнгөн торгуулиас эхлэн, баривчлах, төрийн албанд ажиллуулахгүй байх, нийгмийн халамж үйлчилгээнээс хасах зэргээр хариуцлага тооцдог юм. Монголын өнөөгийн нөхцөл байдлаас харахад сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд СЕХ-ноос мэдээлэл сурталчилгааны ажлыг түлхүү хийх нь зүйтэй болов уу. Сонгуульд оролцохыг үүрэг болгон хуульчлах гэхээр Үндсэн хуулин дахь “сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг зөрчихөд хүрнэ.

Бодит амьдрал дээр СЕХ сонгууль бэлтгэн явуулах, сонгуулийн бүх шатны хороодын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаас цааш хэтрэхгүй байх шиг байна

-Сонгуулийн Ерөнхий хороог ажлаа муу хийж байна. Иргэдийг мэдээ, мэдээллээр хангаж чадахгүй байна гэх шүүмжлэл иргэдийн дунд их байсан. Та ч үүнтэй санал нэг байгаа юм байна. Тийм үү?

-СЕХ-ноос сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, сонгогчдыг саналаа өгөхөд уриалах, сонгогчдын боловсролыг дэмжих чиглэлээр юу ч хийсэнгүй. Дэлхийн улсуудад сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр далайцтай кампанит ажлуудыг урт хугацаанд хийдэг. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулинд зааснаар СЕХ сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүрэгтэй. Гэвч бодит амьдрал дээр СЕХ сонгууль бэлтгэн явуулах, сонгуулийн бүх шатны хороодын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаас цааш хэтрэхгүй байх шиг байна. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт судалгаа явуулах ажлыг СЕХ биш, ТББ-ууд, эрдэм шинжилгээний байгууллагууд л тодорхой хэмжээнд хийж ирлээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Сонгогчдын боловсрол төв, Конрад Аденауэрын сан, манай Улс төрийн коммуникацийн хүрээлэн, Удирдлагын академи зэрэг газрууд сонгуулийн үйл явц, сонгогчдын боловсролын чиглэлээр төсөл, сургалт, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж, хэд, хэдэн телевизтэй хамтран сонгогчдын оролцоо, иргэдийн улс төрийн боловсролыг  дэмжих чиглэлээр нэвтрүүлэг, сурталчилгаа хийсэн. Мөн PR, сошиал сүлжээний компаниудтай хамтран тодорхой тойргууд дээр сонгогчдын оролцоог дэмжих чиглэлээр мэдээллийн кампани өрнүүлж ажилласан. Сонгогчдын оролцоо буурч байгаа өнөөгийн нөхцөлд СЕХ өмнө дурьдсанчлан дэлхийн улс орнуудад сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдэж буй ажлуудтай адил түвшинд өргөн хүрээтэй кампанит ажлууд хийх шаардлагатай. Ялангуяа сонгуулийн идэвхи доогуур байдаг тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн тусгай арга хэмжээнүүд авах нь зүйтэй болов уу.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сонгуульд саналаа өгдөггүй хүмүүсийг торгож морговол таарна. Монголчуудыг хатуухан гараар л юм хийлгэхгүй бол болохгүй. Сайн дураараа хэзээ ч юм хийнэ гэж байхгүй улс
2016/10/25 150.129.143.188
Баадэ
Содном цэрэн СЕХ-г сөнөөж байна даа. Үүнийг солих шаардлагатай. Ямар чменежмент алга.
2016/10/24 202.21.116.2
Tugsuu
Oron nutgiin songuuli gej hereg bgaa umuu? Shal demii mungu urj bh um.
2016/10/24 27.123.214.110
  • Recent
  • Most Read
  • Most Comment