Мэргэжлийн Засгийн газрын Ерөнхий сайдыг томилсны 100 хоног /2016.10.17/ өчигдөр тохиолоо. Улс төрийн жишиг уламжлалаар бол Засгийн газрын 100 хоногийг чухалчилдаг бөгөөд тэрхүү сайдууд бүрдэж, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ тодорсны 100 хоног ирэх арваннэгдүгээр сарын эхээр таарч байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан Засгийн газраас нэгэн хүлээн авалтыг цөөн хүмүүсийн дунд нууцлагдмал байдлаар зохион байгуулна гэсэн сураг байна. Гэхдээ энэ Засгийн газар баяр тэмдэглэх хэмжээний ажилласан билүү гэдэг өөрөө асуулт хэвээр үлдэнэ. Нууц хүлээн авалтаар хийсэн ажлаа дүгнэх бус Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын дарга М.Энхболд нарын Япон, Хятадаас мөнгө зээлсэнийг л тэмдэглэж магадгүй гэх. Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт мэргэжлийн бус ах дүүгийн томилгоо хийж өмнөх Засгийн газрынхаа хийсэн ажлыг зогсоосноос өөрөөр эерэг үр, дүнгүй ажилласан гэж олон нийт шүүмжилж байгаа. Тэгвэл улс төрийн хүрээнийхэн Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногийн хэрхэн дүгнэснийг хүргэе.
АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат: Зөв бодлогуудыг ухраадаг засаг байх юм бол ажлаа өгөөд хурдхан огцрох хэрэгтэй
Энэ сонгуулиар Ардчилсан нам ард түмэнтэйгээ эрх баригчдын 100 хоногийг дүгнэлээ. Бид эрх баригчдад мянган хоногт хийх ажлыг тулгаагүй, 100 хоногт Монголын нийгэм, улс төрийг хааш нь чиглүүлж байна вэ гэдэгт дүн тавьж байгаа. Бага хугацаа биш ч, 100 хоногт улс орон, энэ ард түмэн хаашаа явах нь вэ гэдэг үндсэн чиглэлийг тогтооход хангалттай хугацаа. Харамсалтай нь, эрх баригчид сонгуулиар амласан бүх амлалтаасаа сонгогдсоныхоо маргаашнаас шууд ухарч эхэлсэн. Бодлогын бүх шинэчлэл 100-хан хоногт арчигдаж, шилэн данс ширэн түрийвчний ард нуугдах жишээний. Өнөөдөр ард түмэн тэдний байдлыг хараад ямар сонголт хийчихвээ, ер нь бид хаашаа яваад байна хэмээж буй нь илүүтэй ажиглагдах боллоо. Хамгийн бага цалинтай, хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг багш эмч нарын насаараа ажилласныг нь төр нэг удаа харж үзээд 36 сарын тэтгэмжийг нь өгдөг байсан. Гэтэл үүнийг нь хасчихсан. МАН засаг авсан даруй хууль болгож төрийн албан хаагчдийн тэтгэмж 1-12 сар байна гэж оруулж ирсэн. Монголын төр нийгмийн халамжийг ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэзээ ч ялгаварлаж болохгүй, гар татаж болохгүй. Энэ мөнгийг яаж ч байсан олж өгөх үүрэгтэй. Мөнгөгүй гэж гар татаж зөв бодлогуудыг ухраадаг засаг байх юм бол ажлаа өгөөд хурдхан огцрох хэрэгтэй. Түмний нүдэн дээр ил явж байгаа үйлдлүүдийг "гүтгэлээ" гэдэг үлгэрээр өөрсдийгөө цагаатгах хэрэггүй.
Одоо сонгууль дөхсөн чинь хүүхдийн мөнгийг нөхөн олгож эхэллээ гэсэн мэдээг хэвлэл мэдээллээр цацаж байна. Доромжлоод байгаа юм уу, сонгуулийн шоу хийгээд байгаа юм уу. Засаг солигдсоны дараа төрийн албанд баахан халаа сэлгээ эхэллээ. Өөрийнхөө хамаатан садангаа төрийн өндөр албан тушаалд тавьсан. Дарга нар нь яахав ажлаа өгчье гэж. Гэтэл жирийн албан хаагчдыг хоморголон халж эхэлсэн.
Хууль бол төрийн бодлогын мөн чанар. МАН төрийн эрх аваад гаргасан, өөрчилсөн, гаргах гэж байгаа хуулиуд бүгд Монголын ардчилсан төрийн бодлогыг өөр нийгэм рүү чиглүүлэх гэсэн оролдлого гэж харж байна. Тэд ардаа гэсэн сэтгэлийг гээж зөвхөн эрх мэдлийг авахын тулд хоосон амлалт, өнгө, мөнгөөр иргэдийг хуурч байгаа нь дэндүү басамжилсан гутамшигт үйлдэл юм. Ард түмний амьдралд хэрэгцээтэй, хэрэгтэй цөөнгүй хуулийг хүчингүй болгож, зарим хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль. Ардчилсан намын гэсэн нэр хаягтай зөв шийдвэр байсан болохоор нь хүчингүй болгосон нь бас үнэн. Оронд нь бид юмаа хийнэ Ардчилсан намын хаягтай нэг ч юм байж болохгүй гээд насны хишиг гэдэг юм оруулж ирсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Засгийн газрын 100 дахь хоног болох гэж байна. Ажиллах боломж олгох ёстой. Ямар ч шийдвэр гаргах эрх одоо эрх баригч намд байна. Монголынхоо төлөө шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замаа боловсруулаад явах хэрэгтэй. Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилогдсоны дараа нэг л удаа уулзсан. Барилга барих талдаа сайн л даа. Гэхдээ Сангийн сайд болох талдаа ямар вэ гэдгийг сайн мэдэхгүй. Б.Чойжилсүрэнтэй уулзахдаа чамд улс төрийн алсын хараа алга гэж хэлсэн. Төрийн албаны халаа сэлгээг хуулийн хүрээнд зохицуулах, өөрчлөлт хийх асуудал хүлээгдэж байна. Өглөө бүхэн ажилдаа очихдоо айдастай очдог боллоо гэж хүмүүс мессеж бичиж байна. Коммунист суботник шиг боллоо гэдэг. Цэвэрлэгч, мэргэжилтэн гээд хэнийг ч ялгахгүйгээр толгой дарааллан хөөж явуулж байна. Халах тусам, шинээр хүн авах тусам Төрийн албаны чадамж дордож байна. Сонгуулийн дараа хүмүүсийн амьдрал сайжрав уу дордов уу гэж асуухаар бүгд дордлоо гэж байна. Эрх баригчид хүмүүсийн анхаарлыг сарниулахын тулд сүржин юм ярьж байна. Одоо бол мэдэгдэл хийх цаг биш. Ажил хийх цаг. Нэгэнтэйгээ зөрчилдөх цаг хангалттай, одоо боллоо. Богинохон хугацаанд нэгдэж, нийлээд ажлаа хийх ёстой.
МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж: Авто инженер мэргэжилтэй хүн төрийн бодлого боловсруулж байгаа нь харамсалтай
Засгийн газрын 100 хоногт бүгд анхаарал хандуулж байна. Яагаад гэвэл эдийн засгийн хямралтай үед Монголын хувь заяа цаашид хэрхэн яаж явах вэ гэдэг нь анхаарал татсан асуудал юм. МАХН-аас Засгийн газрын хийсэн ажил, МАН-ын амалсан амлалттай харьцуулж дүгнэлт хийлээ. Ингэхэд шийдвэр гаргах түвшинд хэдэн асуудал шийдсэнээс өөр дорвитой ажлыг эрээд, эрээд олсонгүй.МАН-ын амлалтад олон хүн итгэсэн. Сонгогчдийн саналыг авсан нэг томоохон амлалт бол “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэсэн амлалт. Гэтэл өнөөдөр яруу найрагч, Морин спорт хорооны уяач, авто механикч, бизнесийн компанийн захирал, математикийн багш гэх мэтийн хүмүүс Засгийн газрыг бүрдүүлж байна. Өнөөдөр улсын эдийн засаг туйлын хүнд байна. Тиймээс санхүү эдийн засгийн өндөр мэргэжилтэй хүн төрийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл авто инженер мэргэжилтэй хүн төрийн бодлого боловсруулж байгаа нь харамсалтай байна. “Давхар дээл”-нээс татгалзана гэж МАН амалсан. Гэтэл Засгийн газрын найман гишүүн “давхар дээл” өмчжээ. Төрийн албыг тогтвортой байлгаж, төрийн албаны дархлааны тухай хууль боловсруулна гэж амалсан. Гэтэл өнөөдөр бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албыг сэгсэрч байна. Мөн Эрүүгийн, Зөрчлийн хуулийн дагалдах таван хуулийг буцаасан. Эрүүгийн хуулийн шинэчлэл их чухал байсан. Ялангуяа яалын бодлогыг тодорхой зааж өгсөн. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг бүтэн жилээр хойшлуулсан. Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хүлээсэн олон мянган хүн байсан.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Олон муу ажлыг үргэлжлүүллээ
Сөрөг хүчин Засгийн газрын 100 хоногийг тэвчээртэй хүлээдэг. Дараа нь дүгнэдэг нь улс төрийн соёл. Ардчилсан нам, намын бүлгийн зүгээс энэ Засгийн газар эхний 100 хоногтоо бодитой ажил, шинэчлэл хийж чадсангүй гэж дүгнэж байгаа. Дэндүү, үлбэгэр, сүлбэгэр, санаачилгагүй Засгийн газар байна.Ажлаа сайжруулах ёстой. Энэ Засгийн газрын газрын зарим нөхөд өмнөх Засгийн газрын алдааг залруулсан гэж ярьж байна. Залруулсан байж магадгүй. Гэхдээ өмнөх Засгийн газрын олон сайн ажлыг зогсоож, гацаалаа. Харин олон муу ажлыг үргэлжлүүллээ гэж харж байна. Засгийн газар өөрсдөдөө дүгнэлт хийгээд урагшаа тэмүүлж ажлаа эрчимжүүлэх ёстой. Монголд улстөрийн тогтвортой байдал хэрэгтэй. Гэхдээ ажил хийдэг Засгийн газар илүү хэрэгтэй. УИХ, Засгийн газраас орж ирж байгаа бодлогыг дэмжихэд бэлэн. Гэхдээ сайн, алсын хараатай, том бодлого орж ирэхгүй байна.
сhuhal.mn