УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнээс цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
- “Хөгжлийн банк”-наас 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар АН-ын бүлэгт ямар мэдээлэл байгаа вэ?
- АН-ын бүлэг уг асуудлыг анхааралтай ажиглаж байна. Хөгжлийн банк нь улс орны хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гол санхүүжилтийг хийж байсан. Энэ банк нь зөвхөн АН-ыг эрх барих хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан гэвэл өрөөсгөл юм. Улс төрийн бүх хүчин энэ банкинд хамааралтай. Хуулийн хүрээнд асуудал хэрхэн шийдэгдэх нь вэ гэдгийг бид харж байна. Хууль хүчний байгууллагын явуулж буй үйл ажиллагаанд АН-ын бүлэг хөндлөнгөөс оролцож ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөхөд эрт байна. Бид асуудлыг анхааралтай ажиглаж байгаа.
- Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг баривчилсан гэх мэдээлэл байна. Та бүхэнд энэ талаар мэдээлэл байна уу?
- Бид мэдээллийг цаг тухай бүрт нь авч байгаа. Асуудлыг анхааралтай ажиглаж байна. Хууль бус аливаа үйлдэл гарах юм бол тодорхой эсэргүүцлийг илэрхийлж ажиллана. Төрийн бүх шатны байгууллага түүний албан тушаалтан зөвхөн хууль дээдлэх замаар ажиллана гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд ажиллана. Улс төрийн олонх нь нэр хүнд олохын тулд эсвэл сонгуулийн өмнө өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгох гэж буй бүх үйлдлийг анхааралтай ажиглана.
- Ерөнхий сайд Япон улсад айчилж байна. Мөн тун удахгүй УИХ-ын дарга М.Энхболд Хятадад айлчлах гэж байгаа. Эдгээр айлчлалаар их хэмжээний зээл авах гэж байна гэх мэдээлэл байна. Зээл нэмж авахыг АН-ын бүлэг дэмжих үү ?
- 2017 оны улсын төсөв болон холбогдох төсөвтэй холбоотой тооцоо судалгааг маш анхааралтай ажиглаж байгаа. Манай бүлгээс гадна зөвлөхүүдийн зөвлөх идэвхтэй ажиллаж байна. Засгийн газраас өрийн таазыг 88 хувьд хүргэхээр тооцсон. Энэ оны төсвийн алдагдалыг 4.3 их наяд байхаар төсөөлж байсан. Одоогийн байдлаар гүйцэтгэл нь 3.4 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний байдалтай байна. Хаанаас 1 их наядыг нэмж олж алдагдал болгон харуулах гэж байгааг бид харж байна. Тэд нар ямарваа нэгэн эрсдэлтэй болж харагдах бүхий л зүйлийг төсвийн алдагдал дээр бичиж байгаа. Алдагдал гэж харагдуулахыг хүсч байгаа. Алдагдлыг 4.3 их наяд болгохоор чармайж байна. Эрх баригчид гадаадын банкууд орж ирэх асуудлыг ярьж байгаа. Бид уг асуудлыг анхааралтай ажиглаж байна. Эдийн засгийн аюулгүй байдлаа алдсан орон үндэсний аюулгүй байдлаа алдсантай холбоотой. Мөнгөний бодлогоо аль нэг улсад алдвал ямар хор хохиролтойг бид мэднэ шүү.
О.Хулан