Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн мэс заслын өрөөний тааз энэ сарын 5-нд нурсан. Энэ үед тус өрөөнд нэгэн эмэгтэйд хагалгаа хийж байсан бөгөөд агааржуулалтын хоолой дуугарч эхэлсэн байна. Хэсэг хугацааны дараа хагалгаа дуусч, эмч ажилтнууд дараагийн хагалгаандаа бэлдэж байх зуур өрөөний тааз тэр чигтээ нурж унажээ.
Азаар тухайн үед өрөөнд хүн байгаагүй. Харин нэлээд хэмжээний өртөг бүхий гурван аппарат эвдэрчээ. Тодруулбал, нийт 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн байна.
Энэ талаар нийслэлийн "Өргөө" амаржих газрын дарга Б.Энхбаяр “Яаралтай хагалгааны мэс заслын тасгийн өрөөний дүүжин тааз нурж унасан. Тухайн үед холбогдох шатны буюу МХЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын хүмүүсийг дуудаж, нөхцөл байдлыг танилцуулсан. Одоогоор ямар шалтгааны улмаас нурсан гэдэг нь тогтоогдоогүй байна” гэв.
69.5 сая төгрөгийн өртөг бүхий гурван тоног төхөөрөмж эвдэрчээ
Мэс заслын гурван эмч, сувилагч, мэдээгүйжүүлэгч нэг эмч, сувилагч, асрагч, мөн туслах сувилагч нарын есөн хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа хийж байжээ. Мөн өвчтөнтэй нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэлтэй байсныг тухайн үед хагалгаа хийж байсан Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргал хэллээ. Эмнэлгийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст констракшн” компани ажиллажээ.
Тиймээс эмнэлгийн удирдлагуудын зүгээс “Цаст констракшн” компанид хохирол барагдуулах хүсэлт гаргасан байна. Харин мэргэжлийн хяналтын байцаагчийн албан бус дүгнэлтээр"Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын муу материал ашигласантай холбоотой" гэснийг эмнэлгийн удирдлагууд хэлж байна. Тус эмнэлгийн өргөтгөлийн шинэ барилга 2013 оны нэгдүгээр сарын 29-нд ашиглалтад орсон.
Тухайн үед Улсын комисс хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэгвэл “Цаст констракшн” компанийн зүгээс дөрвөн жилийн өмнө барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн гэсэн зөрүүтэй мэдээллийг өглөө.
Тус компанийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн ажилтан Ш.Жавхлан “Мэргэжлийн хяналтынхны албан ёсны дүгнэлт гараагүй учраас одоогоор манайхаас мэдээлэл өгөх боломжгүй. Мөн тухайн үед барилгын ажлыг гардаж хийсэн инженер хөдөө орон нутагт томилолтоор явж байгаа. Түүнийг дуудуулсан, албан ёсны дүгнэлт гарахыг хүлээж байна” гэв.