8o
Улаанбаатар хот
mobile menu

Сошиал медиа сэтгэцэд нөлөөлж байна

2016-10-12 10:17:34

Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд өнгөрсөн онд гэхэд гэмт хэрэгт холбогдсон буюу үйлдсэн 1023 хүн оржээ. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн цөөнгүй хэсэг нь сэтгэцийн хувьд эрүүл бус байдаг тухай шинжээч, их эмч толгой сэгсрэн хэллээ. Тиймээс ч хүний санаанд багтамгүй балмад, хэрцгий аргаар гэмт хэрэг үйлддэг байна. Энэ бүхэн нийгмийн хөгжил, бухимдал, архидалт, ажилгүйдэл, тэр ч байтугай сошиал медиа буюу олон нийтийн сүлжээтэй ч бас холбоотой гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын клиникийн Шүүх сэтгэцийн шинжээч, их эмч Л.Баттулга хэлж байна. Түүнтэй ярилцлаа.

-Та гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэц эрүүл эсэхийг шилжилдэг хүн. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн шинжилгээ хийлгүүлэх хүний тоо хэр нэмэгдэж байгаа бол?

-2004 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ дагуу онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүмүүст шүүх сэтгэцийн магадлан шинжилгээ хийдэг болсон. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн шинжилгээний үзүүлэлт огцом нэмэгдсэн. Ер нь 2004 оноос хойш шүүх сэтгэцийн магадлан шинжилгээ хийлгэх хүмүүсийн тоо тогтвортой нэмэгдэж байгаа.

-Онц гэмт хэрэг үйлдсэн бол зайлшгүй шинжилгээнд ордог болсон юмуу?

-Тийм ээ. Хүчин, хүн амины хэрэг үйлдсэн бол зайлшгүй шинжилгээнд хамруулдаг болсон. 

-Үүнд хуулийн заалтаас гадна өөр нөлөөлж буй хүчин зүйл байгаа юу?

-Нийгмийн нөхцөл байдалтай холбоотойгоор гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна. Тийм учраас онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн манайд хандаж үзүүлж байгаа тоо ч бас өсч байгаа. Нөгөө талаар нь сэтгэцийн хувьд эргэлзээтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сэтгэцийг үзнэ гэсэн заалт бий.
-Эргэлзээтэй гэдэг нь хэвийн бус зан үйлдэл гаргасан тохиолдол уу?

-Мөрдөн байцаалтын явцад үг, яриа, үйл хөдлөлөөрөө янз бүрийн авир үзүүлж байгаа зэргийг хэлээд байгаа юм. Мөрдөн байцаагч, хэргийн оролцогчдын эрүүл мэндийн боловсрол дээшилсэн учраас энэ төрлийн шинжилгээг хийлгэх нь нэмэгдсэн. Ийм хоёр шалтгаанаар энэ төрлийн шинжилгээ хийлгэгчдийн тоо байнга нэмэгдэж байгаа.

-Өмнө нь ямар байдалтай байсан юм бэ?

-Өмнө нь шүүх сэтгэц судлалын тусдаа кабинет байгаагүй. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор тусдаа бие даасан, орон тооны кабинет байгуулагдсан. Өмнө нь хөдөө орон нутгийн кабинет гэж байсан юм. Тэр үед манайх руу ийм шинжилгээ хийлгэхээр ханддаг. Манай сэтгэцийн эмч нар хуваагдаад үздэг байсан. Шүүх сэтгэцийн дүгнэлт үзлэг гурван эмчийн бүрэлдэхүүнтэй хийдэг онцлогтой. Одоо манайх таван эмчийн орон тоотой. Кабинетад гурван үзлэгийн эмч, тасагт нэг үзлэгийн эмч, нэг эрхлэгчийн орон тоотой ажилладаг.

-Хуульд өөрчлөлт оруулснаар зайлшгүй шинжилгээ хийх тоо нэмэгдэж. Үүнээс гадна сэтгэцийн өөрчлөлттэй гэмт хэрэгтний тоо нэмэгдэхэд өөр ямар хүчин зүйл нөлөөлж байгаа бол. Нийгмийн стресс бухимдал үүнд нөлөөлдөг болов уу?

-Нөлөөлөлгүй яах вэ. Нийгмийн хөгжлийг дагаад сөрөг үр дагавар ч бас ихээр гардаг.

-Тодруулбал?

-Хар тамхины асуудал. Хар тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд өсвөр насныхан, тодорхой ажил, албан тушаалтай, орлоготой болчихсон залуусын дунд маш их нэмэгдсэн. Архидан согтуурахаас илүү хар тамхи, ялангуяа “мөс” гэж нэрлээд байгаа бодист донтох тохиолдол өссөн. Дээр нь манайхны мансууруулах өвсний хэрэглээ ч нэмэгдсэн шүү.

-Хар тамхины хэрэгт холбогдсон бол мэдээж сэтгэцийг шинжлүүлэх нь зайлшгүй байх. Ер нь онц ноцтой гэмт хэргээс бусад хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн дунд сэтгэцийн өвчлөл хэр их тохиолддог вэ?

-Нийт үзлэгийн 3-5 хувь нь сэтгэцийн өвчтэй байхдаа үйлдсэн хэрэг эзэлж байна.

-Ойролцоогоор мянган хүн үзлэгт орлоо гэхэд 30-50 хүн нь сэтгэцийн өвчтэй байна гэж үү?

-Тийм, 1000 хүний 30-50 нь өвчтэй байна.

-Танхай эсвэл хүний ойд багтамгүй хэрцгий хэрэг нэмэгдээд байгаа нь сэтгэцийн өвчлөлтэй холбоотой юу. Эсвэл уур, уцаар бухимдалтай гэх юм уу өөр шалтгаан байна уу?

-Ниймгийн хөгжилтэй холбоотой. Сошиал ертөнцийг харъя л даа. Тэнд мэдээллийн үер болж байна. Цэвэр, үнэн бодит, баталгаатай мэдээлэл тавина гэсэн ямар нэгэн шүүлтүүр гэх юм тэнд алга. Аллага, хулгай, дээрэм, порно, хүчирхийлэл гээд юу л бол юу сошиал ертөнцөд байна. Эрүүл, өвчтэйгөөс үл хамаараад хүссэн хэн ч тийшээ мэдээлэл цацах, хүлээн авах боломжтой. Тийм учраас тэр нь эргээд эрүүл хүмүүст, бүр тодорхой хэлбэл өсвөр насныханд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тэр бүхэн нь “Ийм зүйлийг ингэж болдог юм байна” гэсэн сэдэл өгч, эрүүл хүмүүст ч нөлөөлөх жишээний.  

-Сөрөг муу зүйлд дасгалжуулаад байна гэсэн үг үү?

-Тийм, яг л тийм зүйл болоод байна. Дээр нь энэ бүх эмх цэгцгүй мэдээллээс гадна нийгмийн орчин маш их бухимдал, стресстэй болчихсон. Хөгжил маань эдийн засгийн чадвараараа дээшлэхээсээ илүү амархан хувьсан, өөрчлөгдөж буй нь зарим хүмүүс шууд нөлөөлж байна. Гэхдээ түүнийг хүлээж авч буй хүмүүс харилцан өөр. Түүнд нь өсч, хүмүүжсэн орчин, эзэмшсэн боловсрол, удамшлын хүчин зүйлүүд гэхчлэн нөлөөлөөд янз бүрийн харгис, хэрцгий хэргүүд хийхэд хүргэж байна. Тэр нь ямар хэрэг вэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа шүү дээ.

-Хэдэн жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргыг гаргасан шийдвэрийнх нь төлөө хутгалаад хөнөөчихсөн. Үүн шиг цочиролд орсон үедээ гэмт хэрэг үйлдсэн тохиолдол хэр байдаг вэ. Нийгмийн энэ их стресстэй байдалд төр, засгийн ямар нэгэн буруу шийдвэр нөлөөлөх тохиолдол байдаг уу?

-Нөлөөлж, нэмэгдэж байгаа. Хийдэг арга барил нь өөрчлөгдсөн, нарийссан. Нөгөө замбараагүй мэдээлэлтэй холбоотойгоор шүү дээ. Өмнө нь нэг хутгалдаг байсан бол өнөөдөр олон дахин хутгалдаг, биеийг нь сийчиж, толгойг нь тасалж, мөчилж ч байх шиг. Ийм аймаар, хүний ухаан санаанд багтамгүй хэрэг ихэссэнээр тэр нь илэрч байна.

-Гэхдээ өнгөрсөн нийгмийн үед ч тийм хэрэг гардаг байсан шүү дээ?

-Тэр үед ч байсан. Гэхдээ түүнээс ялгаатай нь хийх арга нь илүү харгис, хэрцгий, араатан шинжтэй болж байгаа нь ажиглагдаж байна.

-Та сошиал, ажилгүйдэл, орчин, ядуурал гэхчлэн нийгмийн хүчин зүйлстэй энэ бүхнийг холбон тайлбарлаж байна. Гэхдээ бие хүнд бас өөрт нь их учир байгаа юм биш үү?

-Гол шалтгаанууд нь наадуул чинь. Өөр нэгэн хүчин зүйл нь ямар ч нийгэмд тухайн бие хүний төлөвшилт, сэтгэцийн өөрчлөлтөд нийгмийн уур амьсгалд хүчтэй нөлөөлдөг. Мэргэжлийн хэллэгээр бол бие хүний эмгэг гэж ярьдаг юм л даа. Бие хүний эмгэгтэй хүмүүсийн хийдэг янз бүрийн гаж үйлдэл бас их байна л даа.

-Байзаарай. Тэр ямар эмгэг гэсэн үг вэ, тодруулаач?

-Өөрийнхөө үйлдлийг ухамсарлаад жолоодож байгаа ч гэсэн эрүүл хүнийг бодвол гаж, харгис, хэрцгий, нийгмийн хэв журмыг түүгээрээ зөрчдөг байдлыг хэлээд байгаа юм.

-Тийм бие хүний эмгэгтэй хүмүүсийн эзлэх хувь нийгэмд олшроод байна гэж та хэлэх гээд байна уу?

-Олширч байгаа.

-Тэднийг эдгээж, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ерөндөг нь юу вэ?

-Нийгэм өөрөө. Сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг удамшлын шалтгаантай солиорлын эмгэгүүд ч юм уу зүйлүүд бий. Гэхдээ, тэрнээс илүү нийгмийн нөлөө их чухал. Нийгмийн хөгжилтэй холбоотой сөрөг үр дагавар их байна. Нийгэм цэвдэгшээд байна гэж бүгдээрээ л яриад байгаа биз дээ.

-Хүнээ байжээ гээд л үү?

-Нөгөө л архидалт, ажилгүйдэл, стресс, эдийн засгийн хямрал, тухайн хүний орлого, зарлага  энэ бүхнээс чинь болоод сэтгэцийн эмгэг, солиорол, бухимдал бүх юм ургаж байна. Тэрнээс болоод гэр бүл тогтворгүй болсон. Салалт нэмэгдсэн. Хүүхэд өнчирч байна. Элэг бүтэн биш, дутуу гэр бүлд өссөн хүүхэд ямар хүмүүжилтэй байх вэ гээд гинжин урвал шиг л харилцан шүтэлцээтэй. Хайр халамжаар дутуу өссөн хүүхдүүд бүгд бие хүний эмгэгтэй болохгүй ч гэлээ олонх нь ямар нэгэн байдлаар сэтгэцийн өөрчлөлттэй хүн болж төлөвшиж байна. Тэр хүмүүс эргээд нийгмийг сайн сайхан тал руу чирч авч явахаасаа илүү бараан тал руу нь уруу татах магадлал өндөртэй боллоо.

-Нээрэн ч хүний мөс муудлаа, хүн чанараа гээлээ гэсэн шүүмжлэл нийгэмд их гардаг болсон. Бид хүн чанараа гээгээд байна уу эсвэл таны хэлээд байгаачлан нийгмийн олон хүчин зүйлс нөлөөлөөд, тэр нь хүний үнэргүй зүйл рүү түлхээд байна уу?  

-Нэг талаас нийгэм тэр бүх хүчин зүйлст хавчигдаад тийшээ түлхэгдэж байгаа. Нөгөө талаас нийгэмд ямар мэдээлэл хүрч байна аа гэдэг нь их нөлөөлдөг. Хэдийгээр зүгээр мэдээлж байгаа мэт боловч, хар бараан мэдээлэл түүнийг хүлээн авч буй хүнийг стресстүүлээд байна.

-Уг нь хар бараан мэдээллийг гаргаад байгаа нь сэрэмжлүүлэх үүднээс л түгээгээд байдаг?

-Сэрэмжлүүлэх гээд байгаа юм л даа. Нөгөө талаасаа тэр мэдээлэл чинь ажилгүй, бухимдалтай, мансууралтай байгаа хүмүүст сэрэмжлүүлэхээс илүү сэдэл өгөөд байх жишээтэй. Тэгэхээр аль болох гэгээлэг, шударга байдал руу манлайлсан мэдээллийг өгөх хэрэгтэй. Авлига аваад байна л гээд байдаг. Тэр мэдээлэл яаж хүрдэг вэ гэхээр бүгд л авлигачин юм чинь би ч авъя. Олонхоо дагъя гэдэг ч юм уу буруу зүйл рүү хөтөлдөг. Өөрийгөө зөвтгөх байдал руу явна гэсэн үг. Тэгэхээр авлига авдаггүй, шударга байгааг нь сайшааж, мэдээлж, нийгмийг шударга байгаа зүйл рүү чиглүүлж яагаад болохгүй гэж.

-Эсрэгээрээ авлигын хэрэг гэхэд л дээр, дооргүй байгаад жигшээд байдаг хэр нь хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаа энэ тогтолцоо чинь тийм сэдлийг төрүүлээд байгаа юм биш үү?

-Тийм. Гэхдээ тэрийг зөвөөр хүргээд эхэлбэл олонх нь шударга ёсыг шаардана. Шударга байдал руу хүмүүс хандахаар цөөнх нь шударга бус болоод эхэлнэ. Тэр үед тэдэнтэй хариуцлага тооцвол “болохгүй юм байна” гэсэн сэтгэхүй төрнө. Жишээ авч хэлж байгаа юм шүү. Ер нь сайн талаас нь ингэж хүн аварч, тэгж тусалж, ийм гоё зүйл хийжээ гэдэг талаас нь илүү мэдээллийг түгээх нь зүйтэй л гэсэн санаа.

-Сайн, сайхан зүйлийг нийгмээрээ хүсэмжилж байна. Гэхдээ дахиад л тэр нь хэлбэр хөөсөн байх тохиолдол их байдаг. Сошиал ертөнцөд нэр, зүсээ нууцлаад бүхнийг мэдэгч, бусдыг үгүйсгэгч, сайн сайханд уриалан дуудагч хэр нь бодит амьдрал дээр эсрэгээрээ байдаг хоёр нүүртэн цөөнгүй. Зарим хүн бол сошиалд амьдралд байдгаасаа тэс өөр дүрээр оршдог шүү дээ?

-Энэ бол сошиалийн хөгжлөөс болж байгаа. Гэхдээ эерэг үзүүлэлтүүд олон бий. Хамгийн гол нь сөрөг талаас нь хамгаалах хэрэгтэй. Манайд болоод буй энэ бүхний эцсийн дүнг америкаас харж болно. Медиа болоод бодит ертөнцөө ялгахаа байгаад аллага үйлдсэн тохиолдлууд их гарах болсон. Байнгын алаан хядаантай кино үзсээр байгаад түүндээ уусч хүмүүсийг үй олноор нь ямар ч учир шалтгаангүй хөнөөсөн хэрэг ч байна. Хамгийн гол нь таны олон нийтийн сүлжээнд түгээж буй мэдээллийг сэтгэцийн хувьд эрүүл, эмгэгтэй, төлөвшөөгүй гээд янз бүрийн төвшний хүн үзэж байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үүний эерэг, сөрөг тал нь юу юм гээд маш тэнцвэртэй, ухамсартай хандах нь чухал.

-Нийгмийн сүлжээ сэтгэцэд маш хүчтэй нөлөөлж байгаа хэрэг үү?

-Нөлөөлөхөөр барах уу. Бодит байдал хийсвэр орчин хоёроо ялгахгүй болтол нь мэдээллийн шуурга нөлөөлж байна. Зөвхөн хийсвэр ертөнцдөө амьдардаг хүмүүс ч бий болчихлоо.

-Манайд уу?

-Манайд. Тэр ертөнцдөө бол маш сайн хүн. Мундаг халамжтай, сайхан ажилтай, төлөвшсөн, боловсон, сайхан сэтгэлтэй хүн. Яг үнэндээ амьдрал дээр хийж бүтээсэн зүйлгүй, ажилгүй, нийгэмд оролцоогүй байх жишээтэй. Ийм зүйлүүд олон харагдах болсон.

-Сошиал ертөнцийн гаж нөлөө гэж ойлгож болох уу?

-Сая хэлсэн маань нөлөөлөөд байгаагийн илрэл. Жишээлбэл бид хоёр нүүр нүүрээ хараад ярилцаж байна. Ийм амьд харилцаагүй, дэлгэцийн цаанаас харилцаад ирэхээр хүйтэн хөндий болно. Халуун бүлээн харилцаа, сэтгэл байхгүй болно. Эргээд энэ маань зэрлэгших. Өөр зүйлээс таашаал авч, араатан шинж рүүгээ орох хүртэл нөлөөлж байна.

-Амьд харилцаанаас илүү нийгмийн сүлжээнд ач холбогдол өгөөд байна гэж үү?

-Хүнд туслалаа гэхэд жинхэнээсээ чин сэтгэлээсээ биш. Зүгээр л “лайк” цуглуулж, алдарших гэсэн байдлаар ханддаг болоод байна. Ядарсан нэгэнд таван бууз тарааж буй зургаа оруулаад байдаг. Энэ хүнд туслах биш интернэтэд л тавих зорилготой байх жишээний. Хэдийгээр энэ нь хүмүүсийг сайн сайханд, бие биедээ туслахад уриалж байгаа мэт боловч сэдэл нь буруу зүгт төвлөрчихсөн байх жишээтэй. Ийм явдал хавтгайрсан шүү дээ.

-Нийгмээрээ харанхуй болж байна гэвэл та санал нийлэх үү. Учир шалтгааных нь талаар бодохоос илүүтэй мухраар дагаж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, түүндээ хөтлөгдөөд мөнгөний зураг постлоод буй хүмүүсээр тэр нь илэрч байна. “Бурзай” гэсэн постыг хэдэн мянгаараа шэйрлэж байна. Энэ юутай холбоотой вэ?

-Хамгийн том жишээ нь “Лайк дарж, шэйрлээрэй. Баяжина шүү. Үнэн юм байна” гэдэг пост байна. Хүн хөдөлмөрлөж байж мөнгөтэй болно уу гэхээс тэгээд баяжчихдаг бол интернэтийг хүн бүтээх байсан болов уу. Энэ нь дээд боловсрол гэхээсээ илүүтэй нийгмийн ухамсрын суурь төвшин доогуур байгаатай шууд холбоотой.

-Боловсролтой ч шууд холбоогүй байх нь ээ?

-Боловсрол нөлөөлж байгаа ч шууд утгаараа биш.

-Яагаад?

-Тэр постыг чинь түгээж байгаа хүн дотор дээд боловсролтой зөндөө хүн бий шүү дээ. Энгийнээр хэлбэл оюуны хоосрол, мухар сүсэг нийгэмд их байгаатай холбоотой.

-Зуд болохоор нохой, зовлон учрахаар лам зоолдог гэгчээр асуудал тохиолдвол ламддаг нийтлэг жишиг манай монголчуудад байна. Яагаад сэтгэлзүйчид биш ламд хандаад байна вэ?

-Сэтгэлзүйчид хандах хэрэгцээ алга. Хэрэгцээ байхгүй болохоор тэр салбар хөгжихгүй. Нийгэмдээ зөв ойлголт өгвөл хэрэгцээ үүснэ. Хэрэгцээ үүссэнээрээ тэр салбар хөгжинө. Хүний сэтгэлийг засах гэж байгаа хүн өөрөө илүү боловсорч, дээд төвшинд гарах ёстой. Ингэж л явна гэж хувьдаа харж байна. Яг үнэнийг хэлэх үү.

-Тэг л дээ. Үнэнийг л сонсох гэж тантай уулзсан?

-Хүмүүс сэтгэцийн боловсролдоо анхаарлаа хандуулах завгүй байна. Өнөөдрийн үмх мах, зүсэм талхныхаа төлөө зүтгэж байна шүү дээ. Ингэж ажлаа хийж явж байгаад л сэтгэл гутрал, стрессээ тайлахын тулд зуу татах жишээтэй. Ийм байгаа хүмүүс чинь дураа хүрэхээр мушилзчихаад, дургүйгээ хүрэхээр хэрэлдэж, зодолдоод л асуудал гарвал ламдаад л явна шүү дээ.

-Тайтгарал нь архи болчихсон?

-Мөнгө, мөнгө, дахиад мөнгө болчихсон учраас цааш харж чадахгүй байна шүү дээ. Үүнтэй бодлогоор л тэмцэх хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment