Орон нутгийн сонгуультай зэрэгцсэн ордны улс төр халуухан өрнөж байна. Улс төрийг буцлуулж буй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалаар эх, адаггүй маргааныг улс төрчид хийж иргэдийг жинхэнэ утгаар нь төөрөгдүүлж байна гэж хэлж болохоор байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын хэнд нь итгэхээ мэдэхгүй будилж суугаа иргэд Засгийн газраас л үнэн, бодит мэдээллийг хүлээж байна.
Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ дээр танилцуулах болсноо өчигдөр мэдэгдлээ. Ингэснээр Эрдэнэтийн асуудлаар идэвхтэй дуугарч бие, биенийхээ эсрэг сөрөг мэдэгдэл хүртэл хийж амжсан хоёр хүний хэн нь үнэний ханатай ярьсан нь тодорхой болно. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилж авсан үйл явц нь хууль бус эсэх, Засгийн газар үйлдвэрээ эргүүлэн авч чадах уу гэх мэт асуудлууд хэрхэн шийдэгдэх нь одоохондоо тодорхой бус ч үүний ард том эрх ашиг нуугдаж буй нь үнэнээс үнэн билээ.
Ц.Нямдорж гишүүн “Уг асуудлын ард нам дамжсан бүлэглэл бий. Төрийн гурван өндөрлөгийн оролцоотой энэ ажлыг явуулсан. Манай намын удирдлагууд үүнд оролцоогүй гэдгээ батлах ганц л арга бий. Тэр нь үйлдвэрээ буцааж авах” гэх мэтээр ярьсан. Түүний ярьж буйгаас дүгнэвэл АН, МАН-ын удирдлагуудын аль, аль нь Эрдэнэтийн хувьчлалд оролцсон болж таараад байгаа. Тэр тусмаа намынхаа хамгийн “том” хүнийг энэ луйвар, булхайд оролцсоныг далд утгаар илэрхийлж байгааг олон нийт анзаарсан. МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой халаас нэг, Худалдаа хөгжлийн банкинд оролцоотой гэх мэт яриа улс төрийн хүрээнд яригддаг. Ер нь М.Энхболдын эрх мэдэл МАН-аас хальж Монголын төрийг атгасан гэгддэг. Мэргэжлийн засгийн газрыг тэрбээр өөрийн гараар байгуулсан бөгөөд гар, хөлөө бүх салбар руу дүрч асуудлыг өөрийнхөө дураар шийдэж байгаа ч гэж хэлж болно. Олон нийт түүнд "Дараагийн Энхбаяр" гэх хочийг хүртэл өгч амжсан билээ. Тэгэхээр Эрдэнэтэд түүний оролцоо байхгүй гэдэг нь худал биш ч байж болно.
Ц.Нямдорж гишүүн Эрдэнэтийн асуудлаас үүдэн нам дотроо ширүүхэн дайныг эхлүүлсэн гэж хэлж болно. Өөрөө хүсч эхлүүлсэн энэ дайнд тэрбээр ялалт байгуулахын тулд Засгийн газраа хүртэл огцруулахад бэлэн гэдгээ хэлсэн шүү дээ. Зүгээр нэг хэлсэн үг биш гэдэг нь тодорхой. Нэг үгээр хэлбэл Эрдэнэтээр дамжуулан бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж чадна гэж шүү гэсэн нууцхан санааг шидэж байна. Түүн шиг намдаа дэмжлэгтэй хүн Засгийн газрыг бол савлуулж дөнгөнө.
Гэхдээ Ц.Нямдорж гишүүнийг Эрдэнэт үйлдвэрт хайртайдаа ингэж дуугараагүй. Түүнд ч мөн том эрх ашиг бий гэж үзэх хүмүүс байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Нямдоржид маш том эрх ашиг байгаа гэнэ. Тодруулбал, тэрбээр ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр нууцхан бэлтгэж буй бөгөөд энэ мэт операциудыг явуулж байгаа гэх бор шувуу Төрийн ордонд нисч эхлэв. Ц.Нямдоржийн хувьд М.Энхболдын хаант засаглалыг дарж оронд нь өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гэх.
Харин М.Энхболдын хувьд Ерөнхий сайдын албан тушаалаас бултаж УИХ-ын дарга болсноороо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаатайгаа олон нийтэд аль хэдийн мэдэгдчихсэн. Тэгэхээр тэрбээр нам доторх хүчээ улам бэхжүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нямбай төлөвлөж буй. Түүнтэй зэрэгцэх хүчтэй цөөн хэдэн хүн МАН-д байдгийн нэг нь Ц.Нямдорж гишүүн. Ц.Нямдорж шиг М.Энхболдын эсрэг зоригтой дуугарч, элдэвлэж чадах хүн бараг үгүй. Ц.Нямдоржийн хувьд намдаа ч дэмжлэг сайтай. Түүний ард Ө.Энхтүвшин гишүүнээс эхлээд нөлөө бүхий олон хүн бий. Тэгэхээр Ц.Нямдорж Эрдэнэтийн асуудлаар зүгээр нэг дуугараад байгаа юм биш. Удахгүй МАН-д 25 ийн бүлэг байгуулагдаж магадгүй гэх мэдээлэл гарч эхэллээ. Тус бүлэг Засгийн газраа огцруулж чадах хэмжээний хүчтэй ажиллана. Харин тэр бүлгийг Ц.Нямдорж тэргүүлэх сурагтай.
Ц.Нямдорж М.Энхболдоо буулгаж өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Эрдэнэтийн асуудлыг хөндөж авсан уу. Цаашлаад Мэеэгийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх үү зэрэг олон асуулт удахгүй тодорхой болох биз ээ.
Ц.Нямдоржид аль нэгэн чухал асуудлыг барьж авахгүйгээр сөргөөлцөх нь мэдээж хүчгүй харагдана. Бас олон нийтийн анхаарлын төвд ингээд ч болов байх нь түүнд чухал.
О.Халиун