Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Өнөөдөр нийгэмд хүлээлт үүсгэсэн, олны анхаарлын төвд байгаа асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос -АТГ-ын даргаар Д.Энхжаргалыг та дэмжсэн. Түүнийг М.Энхболдтой нутгийн хүн гэдэг. Таныг албан тушаалаасаа буусан ч шалгагдахгүй гэх тохироо хийсэн талаар яригдаж байна? гэсэн сэтгүүлчийн асуултанд “Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд хуулийнхан шалгана гэвэл би зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очно. Би нэг их телевиз тавьчихаад очихгүй гээд суудаг хүн биш ээ. Би хуулийг өмөөрдөг. Шударгаар ажилладаг хүмүүсийг бас өмөөрдөг. Тиймээс надад тэр хувийн ашиг сонирхол байхгүй ээ. Би хууль, шүүхийнхэн дуудвал хэзээд яваад очно. Би хэзээ ч өөрийнхөө албан тушаалыг ах дүү, хүүхэддээ өгч үзээгүй шүү. Ах дүү, амраг садангаа дээш нь татах гээд байдгаа болих хэрэгтэй. Би малчны хүүхэд. Эцсийн амьсгалаа хураатлаа би Монголын төлөө зүтгэнэ” гэсэн хариулт өглөө. Тэрбээр энэ үгээрээ ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлж буй нь тодорхой байгаа юм.
Тэрбээр Ерөнхийлөгч С.Зориг агсны хэрэг холбогдоод байгаа Э.Бат-Үүлийн талаар хэлэхдээ“Э.Бат-Үүлийг би дэмждэг гэдгээ хэлсэн. Улсын баатар болтол нь дэмжсэн. Нэг зүйлийн хоёр тал ч болж явсан удаа бий. Би үргэлж дэмжсэн. Дэмжсээр ч байх болно. С.Зоригийн хэргээр хэн нэгнийг гүтгэж, хэлмэгдүүлж болохгүй гэж би үргэлж хэлдэг” гэж хэллээ.
Харин Эрдэнэт үйлдвэрийн талаар хэд хоногийн өмнө мэдээлэл хийсэн Ц.Нямдоржийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж харж байгаа вэ гэвэл тэр хоёр буруу юм хийж байгаа хүмүүст бололцоо олгоод байна. Энэ бол зүгээр л цэвэр улс төр. Улс төрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. Ц.Нямдорж намайг тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр л сүржин, хувийн эрх ашиг хөөцөлдсөн мэдэгдэл гэж харж байна” гэж байр сууриа илэрхийллээ.
Ц.Элбэгдоржийн олны анхаарлын төвд байгаа хүмүүсийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд хуулийнхан шалгана гэвэл би зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очно” гэж хэлсэн үг МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулж хэлсэн үг хэмээн олон нийт таамаглаж байна. Учир ньН.Энхбаярыг АТГ шалгаж, 4 жилийн өмнө оймсыг нь гозолзуулаад аваад явж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Одоо ч Н.Энхбаяр АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд зургаан удаа зарлах дуудах хуудас өгсөн ч нэг ч удаа очиж мэдүүлэг өгөөгүй байгаа юм.