8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АН доторх нууц бичлэг ил болж, ГХЯ-наас анхааруулга хүргүүлсэн өдөр

2016-09-19 18:44:00

Хүн амьдралдаа тоо томшгүй олон удаа баярлалаа гэж хэлдэг болов уу. Тэр нь чин сэтгэлийнх, хөөрсөндөө ч хэлж байдаг, заримдаа анзаарагдалгүй өнгөрдөг үг. Энгийн хэрнээ маш үнэ цэнэтэй. Шинэ 7 хоногийн эхний өдрийн мэндийг эрхэм уншигч та бүхэндээ хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид учран золгодог та бүхэндээ “Баярлалаа”. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Чухал сэрэмжлүүлэг: ГХЯ-наас анхааруулга хүргүүллээ

Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахыг Гадаад Харилцааны яамнаас анхаарууллаа. БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5,000-20,000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна. Энэ оны 7 дугаар сард Монголын 15 оюутан, 9 дүгээр сард 11 оюутан тус тус зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэж, оршин суусан хэрэгт холбогдож, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон хэрэг гарчээ.  

Чухал мэдээ: Допинг илэрсэн хоёр бөхийн нэрийг удахгүй олон нийтэд зарлана

Үндэсний баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторид шинжлүүлжээ. Одоогоор дөрвөн бөхсэргээшийн шинжилгээнд унасан байна. Начин, харцага цолтой хоёр бөхөөс допинг илэрчээ. Допинг илэрсэн хоёр бөхийн нэрийг олон нийтэд зарлах юм байна.

Чухал шийдвэр: Маргааш 50,000 ширхэг үнэт цаас арилжина

12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 15.70 хувийн  хүүтэй, 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 16.40 хувийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа билээ. Маргааш буюу есдүгээр сарын 20-ны өдөр дээрх арилжаа явагдах ажээ.

Засгийн газрын үнэт цаасны товч мэдээлэл: 1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ: 100,000
6. Хямдруулсан үнэ: 96,513.00
7. Нийт гаргах тоо: 50,000 ширхэг 

Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.

Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.

Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 10:00 цаг хүртэл

Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийх ажээ.

Чухал томилгоо: Яруу найрагч Б.Ичинхорлоо Үндэсний номын сангийн даргаар томилогджээ

Өнөөдрийн нэг чухал томилгоо бол Үндэсний номын сангийн даргыг томилсон явдал юм. Нийслэлчүүдийн дийлэнх нь очиж оюуны цэнгэл эдэлдэг Үндэсний номын сан ийнхүү шинэхэн даргатай боллоо. Үндэсний Номын Сангийн даргаар “Болор цом” наадмын хоёр удаагийн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо томилогджээ. Төв номын санг өмнө нь Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажав нарын найрагч, зохиолчид удирдаж байжээ. Үндэсний Номын Сан нь гурван сая гаруй ном хэвлэлтэй Монгол Улсын хамгийн том номын сан юм. Одоогоор таван хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Чухал мэдээ: Оюутнуудыг Улаанбурхны вакцинд нөхөн хамруулна

Өнгөрсөн тавдугаар сард орон даяар 18-30 насныхныг Улаанбурхны нэмэлт дархлаажуулалтад хамруулсан билээ. Тухайн үед вакцинд хамрагдаагүй залуусын ихэнх нь оюутнууд байсан тул БСШУСЯ их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад шаардлага хүргүүлэн, дархлаажуулалтад нөхөн хамруулах үүрэг өгсөн байна. Тодруулбал, сургууль бүр вакцин хийлгээгүй оюутны тоог нэгдсэн журмаар гаргаж, оюутнуудыг ХӨСҮТ болон харьяа дүүрэг, өрхийн нэгдсэн эмнэлэгт вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах аж. 

Аз нь гийсэн IT залууг "Геннис"-т бүртгүүлэх үү

Сугалаачин Монгол. Хичээлийн шинэ жил эхлэхэд балчир үрс минь цэцэрлэгт орохын тулд “Ёндогоо” үзнэ. Хэдэн зуун хүүхдээс нэг ангид зөвхөн 50-60 хүүхэд л аз таарч сугалагдаж цэцэрлэгийн босгоор алхана. Гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газартай болохын тулд үе үехэн газар өмчлөх сугалдаанд бас л орно. Тэр ч бүү хэл түрээсийн орон сууцанд орохын тулд сугалаанд "Аз"-аа үзнэ. Энэ мэтчилэн зүйлээс хараад байхад манай улс "Сугалаачин Монгол" гэдэг нэр яг тохирох ч шиг. Өөр нэг сугалаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ААН-үүд төлбөрийн баримт буюу НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг хэвлэж эхэлсэн явдал юм. Ингэснээр НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгох бөгөөд иргэд 2017 оны 1-р улиралд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг авахаар зохион байгуулагдсан.

Уг хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн “Сугалаачин Монгол”-ын ард түмэн НӨАТ-ын баримтыг нэг бүрчлэн бүртгүүлж “Аз”-аа үзэж эхэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын  17-ны өдөр МҮОНТ-ээр сугалааны анхны азтануудыг  тодорсон. Энэ өдөр нийт 1044 азтанаас  500.000 төгрөгийн ес, 100.000 төгрөгийн 89, 20.000 төгрөгийн 946 азтан тодорсон юм. Энэ удаагийн тохиролоор танил минь 20 мянган төгрөг хожиж их л баярлаж “Би сугалаанд азтай, ёндоотой” хэмээн өөрийгөө тодорхойлж ч байсан.Ийнхүү хэд хэдэн сугалааны тохирол явагдсаар. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрийн сугалаагаар 400 саяын азтан тодорлоо. Тухайн үед Улаанбаатар хотоос азтан тодорсон хэмээн зарласан ч тун удалгүй орон нутгаас бас нэг 400 саяын азтан гарч ирсэн юм. Тухайн үед Улаабаатар хотоос тодорсон азтанг хуурамч баримт үйлдсэн гэж  үзэж цагдаа, шүүхээр явж байсан удаатай. Хэрэг нь одоо ч нэг тийш болоогүй л хэвээр.  Ийнхүү НӨАТ-ын сугалааны "Но" гарсаар л.

Гэтэл НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд ес дэх сартайгаа золгож байхад уг ажлыг зохион байгуулж буй Р.Отгонтулга хагас жилийн турш журмаа зөрчсөн мэдээллийг олон нийтэд өгч байв. Тодруулбал, 2 хувийн буцаан олголт авах урамшуулалд хамрагдахад хугацаа хамаарахгүй гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьж байсан ч нэг л өдөр журам өөрчлөгдсөн тухай олон нийтэд мэдээлж сугалаанд оролцохын тулд сугалаа болохоос 24 цагийн өмнө заавал баримтаа бүртгүүлэх ёстой гэх нь тэр. Р.Отгонтулгын тайлбарласнаар бол баримтаа бүртгүүлээгүй ч сугалаанд оролцох нь баримт хуурамчаар үйлдэх нөхцөлийг бий болгосон учраас журмаа өөрчилсөн гэх юм. Мөн НӨАТ-ын урамшууллын төслийн IT ажилтан 30 удаа сугалааны азтан болсон талаар мэдэгдсэн юмТэр аз нь гийсэн IT залуу хэн бэ.Хамгийн сонирхолтой нь  баримт бүрээ бүртгүүлсэн хэрнээ нэг ч удаа азтан болоогүй хүн олон байхад 30 удаа азтан болсон хүн цаана чинь байна. Тэгэхээр нэг л “Но”-той санагдаж байгаа биз. Эсвэл "Сугалаачин Монголын" иргэн “Азтай” байх нь мэдээж.  Азтай, Азтай байлаа гэхэд нэг хүн 30 удаа азтан болно гэдэг  үнэхээр азтай гэлтэй. Дэлхийн сонин содон үйлдэл,  үйл явдлыг бүртгэдэг “Геннисс”-ийн номонд энэхүү “Азтай” эрхмийг бүртгүүлвэл зүгээр юм уу ч гэсэн бодол ч төрөх юм. Манай улсад төдийгүй дэлхийд сугалаанд ийм олон хожсон хүн хэр бол. Ийм “Аз ёндоотой” хүн эсвэл зөвхөн манайд байдаг юм уу. Энэ аз уу, эсвэл арга заль уу. Үүнийг шалгадаг хянадаг газар байна уу.

Авсан баримтаа бүртгүүлээд нэг ч удаа азтан болж үзээгүй хүмүүс НӨАТ-ын урамшууллын сугалаанд итгэл алдарч, баримтаа худалдагчид нь бэлэглэж, дурсгадаг болсон гэх юм.   Ер нь өнгөрсөн хугацаанд хамгийн олон удаа азтан болсон иргэдийн жагсаалтыг худалдагч, кассчид, шатахуун түгээхийн ажилтнууд тэргүүлж байгаа гэнэ. Энэ жишээнээс иргэдийн идэвхи суларсан нь анзаарагдаж байна. Ийнхүү НӨАТ-ын хамгийн өндөр настай иргэн 92 настай, хамгийн залуу нь гурван сартай гэнэ. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-д элсэх үү

Тэгвэл сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг намаа санхүүжүүлэхээ больж, АН-нд элсэх гэж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Эх сурвалжийн мэдээлснээр, МАХН-ын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа, энэ нь Н.Энхбаяр МАХН-ыг санхүүжүүлэхээ больсонтой холбоотой юм байна. Түүгээр ч зогсохгүй МАХН-ыг орон нутгийн сонгуульд орохгүй, цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй болсон гэх мэдээлэл гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодруулга авахаар удаа дарааллан уулзсан ч тэрээр одоо хүртэл тайлбар өгөхгүй аж.

Гэр бүлийн хоёр боом туссан малдаа вакцин хийлгэж байгаад халдвар авчээ

Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс боомоор өвчилсөн хоёр иргэний талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тухайлбал, энэ сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт иргэн Э боом өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээгээр боом өвчин туссан нь тогтоогдсон байна. Өвчилсөн хүмүүс гэр бүлийн хоёр аж. Боом өвчтэй малдаа вакцин хийлгэж байгаад өвчний халдварыг авсан байж магадгүй гэдгийг албаныхан онцолж байна. Эхнэр, нөхөр хоёрын цус, ийлдэс, шархны хальс, шүүдэс зэргээс дээж авч ЗӨСҮТ-д шинжилгээнд ирүүлжээ.

"АВЪЯАСЛАГ МОНГОЛЧУУД" шоуг дахин хийхгүй

Үзэгчдийн хамгийн их үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болсон “Авъяаслаг Монголчууд” шоуг ирэх жил хийхгүй талаар эх сурвалж мэдээлсэн байна. Уг мэдээллийг Монгол HD телевизийн дэд захирал, ерөнхий продюсер Г.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. "Монгол HD” телевизээс хоёр дахь жилдээ үзэгч түмэндээ хүргэж байгаа уг шоу яагаад дахин хийхгүй болсон шалтгаанаа ийнхүү жиргэжээ.

Богд ууланд төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 17-ны өдөр Богдхан ууланд аяллаар явсан дөрвөн залуу төөрч сураггүй болсон гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, Зайсангийн амнаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Энэ үеэр буюу есдүгээр сарын 18-ны өдрийн 08:50 цагт иргэн Д, Ц, С Х нар уулнаас өөрсдөө бууж ирсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд ууланд иргэн төөрсөн Б-г  энэ сарын 19-ний 02:30 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Тоймоо хүлээн авсан танд баярлалаа. Маргаашийн тань ажил үйлсэд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ard tumen
Ene Enkhbayr ter chigtee uheesei muu energitei ZEVUUN shar nohoi!!!
2016/09/20 76.21.141.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment