8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Долгормаа: Монголд хэнийг шалгаж, хэнийг шалгадаггүйг ардчилсан Ерөнхийлөгчөөс асуумаар байна

2016-09-19 09:46:56

 

2013 оны нэгдүгээр сард Үндэсний Аюулгүй Зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэгтэй эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон гэх Ч.Долгормаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Гутал”ХК-ийн ТУЗ-ийн гишүүн юм.

-Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-Би 2014 оны зургаадугаар сард Авлигатай Тэмцэх Газарт Ардчилсан намын гишүүн, гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Батжаргалын Батбаярт холбогдуулан гомдол гаргасан юм. Авлигатай Тэмцэх Газар нь мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж иргэн намайг хохирогчоор тогтоосон. Гэвч би болон манай гэр бүл өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Харин ч бүр эсрэгээрээ гүтгэлгээр гэмт хэрэгтэн болгосон. Энэ хугацаанд надад болон гэр бүлд маань асар их дарамт ирж, хохирсоор байна

-Яг ямар хэргийн улмаас ийн хохирч яваа талаараа тодруулж өгнө үү?

- УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Б.Батбаяр бид дундын эзэмшлийн компанитай. Гэсэн ч Б.Батбаяр 2014 онд бидэнд мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр  дундын эзэмшлийн компанийг ашиглан Засгийн газрын бондоос 5 тэрбумын зээл авсан. Түүнийгээ өөрийн бизнес болон өр зээлд хэрэглэсэн. Иймд бид АТГ-т 2014 оны зурагдугаар сард гомдол гаргасан. Улмаар АТГ-аас 2014 оны арваннэгдүгээр сард зөрчлийг илрүүлэн намайг хохирогчоор тогтоосон. Гэвч хэрэг удааширч эсрэгээрээ манай гэр бүлийг гэмт хэрэгтэн болгосон. Иргэн би хохироод гурван жил болж байна. Энэ хугацаанд АТГ-аас хэргийг нэг биш удаа шалгасан. 2015 оны есдүээр сард яллах дүгнэлттэй хэргийг Нийслэлийн Прокурор руу шилжүүлсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар одоо болтол миний хохирлыг барагдуулаагүй байна.  

 -Энэ хугацаанд танай гэр бүлд ямар хохирол учирсан бэ?

 - Өнгөрсөн хугацаанд иргэн би болон миний гэр бүл, компани асар хүнд байдалд орж, сэтгэл санаа болоод эрүүл мэнд, эд хөрөнгийн хувьд хохирч яваа. Гүтгэлгээр эрүүгийн хэргийг надад буюу гэр бүлийн гишүүнд тулгасан. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-дүгээр хэлтэст бид нарт холбогдох хэргүүдийг шалгаад, хэрэгсэхгүй болгох саналтайгаар найман удаа прокурор руу шилжүүлсэн. Гэтэл прокурор хэргүүдийг найман удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа буруутай нь нотлогдоогүй. Тийм байтал өнөөдрийг хүртэл намайг тайван байлгахгүй байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна.

-Ямар улс төрийн шалтгаан?

-Прокурорын байгууллага улс төрийн нөлөөллөөр ажилладгийг харуулж байна. АТГ бол эрүүгийн хэргийг мөрдөж, нотлох баримт цуглуулж ажилладаг. Харин прокурор хэрэгсэхгүй болгодог. Энэ бол авлигын сүлжээ гэх хардлагыг надад төрүүлсэн.

-Танай гэр бүлд ингэж хохирол учруулж байгаа нь Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой юу?

-Миний охин Намбарын Энхбаяр гэдэг хүний бэр болсон. Магадгүй  Н.Энхбаяраас болоод намайг, манй гэр бүлийг ингэж оролддог юм уу, аль эсвэл надаас болоод Н.Энхбаярыг ингээд байдаг юм уу би ойлгохгүй байна. Манай охин энэ дарамт шахалтаас болоод гадаадад гарсан.

-Таны хувьд цаашид юу хийх вэ?

-Би олон удаа дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль хяналтынханд хандаад амжилт олсонгүй. Тиймээс би гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж, нийтлэл гаргуулна. С.Баярцогтын Швейцарт сая гаруй ам.доллар нуусан нь илэрсэн. Гэтэл үүнийг огтхон ч шалгаагүй. Иймээс Монгол улсад хэнийг шалгадаг, хэнийг шалгадаггүй вэ гэдгийг ардчилсан ерөнхийлөгчөөс асуумаар байна. Авлига Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн төвшинд хүрсэнийг би зарлаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment