8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн хууль зөрчиж сонгогчдын эрхэнд халдсан Ардчилсан нам

2015-12-10 09:03:00

Монголын хууль гурав хоног гэдэг. Уг нь Чингисийн гаргасан хууль, зарлиг гурав хоногийн дотор улс даяар тархаж үйлчилдэг байсныг хэлдэг. Гэвч өнөө үед Монгол улсын гаргасан хууль гурав хоног үйлчилээд л сураггүй болчихдогийг егөөдөж хэлдэг болоод уджээ. Тухайлбал Тамхины тухай хууль. Нэлээд дуулиан шуугиантай эхэлсэн энэ хууль хэрэгжсэн өдрөөсөө эхлээд ширүүхэн тэмцэлтэй тулгарсан ч хүн болгон л хэрэгжүүлэхийг хичээсэн. Хэдийгээр баар, ресторанд тамхи татах явдал багассан ч олон нийтийн газар, сургуулийн ойролцоо тамхи татах цэг байгуулах, тамхи ширхэглэн зарахыг хориглосон заалт өнөө хэр “эрэн сурвалжлагдаж” байна. Дурын нэг ТҮЦ, дуртай нэгэн нь  бүр хууль сахиулах байгууллагын гадна сандал тавиалд суучихсан тамхийг ёоз ёозоор нь тавьчихсан ширхэглээд сууж байх жишээний. Эрх баригчид гаргасан хуулиа эргэж харахгүйгээр зөрччихөж байгаа юм чинь арга ч үгүй биз дээ.

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хот “гавьяа”-гаар дүүрсэн.  Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ?, ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ? гэхчлэнгээр хэн нэгэн гавьяатныг хайсан асуулга бүхий самбар хотын төвд хадагдсан. Шууд утгаар нь ойлгож, хариулах гэж үзвэл энэ бүх ажлыг эхлүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар, тэргүүн Н.Алтанхуягийн гавьяа. Цаашлаад түүний ажлыг үргэлжлүүлж байгаа Шийдлийн Засгийн газар, тэргүүн Ч.Сайханбилэгийн гавьяа болж харагдана.Энэ өнцгөөс нь харвал Н.Алтанхуяг эсвэл Ч.Сайханбилэг өөрийн хийсэн ажлаа рекламдах гэсэн оролдлого гэж хардаж болно. Бүр цаашлаад АН-ынхны 25 жилийн ойн баяртаа барьсан бэлэг ч гэж тайлбарлаж болно. Ойн баяртаа зориулж, олон нийтийн ой санамжийг шалгасан байж болох талтай.

Гэвч энэ үйлдэл нөгөө талаараа хууль бус сонгуулийн сурталчилгаа бус уу.  Сонгуулийн чимээ ойртох тусам улс төрийн нам эвсэл, шат шатны Төрийн “томчууд” орон нутаг, аймаг сум, дүүрэг хорооныхоо иргэдэд “хайр зарлаж, халамж тавих” нь өдрөөс өдөрт нэмэгддэг. Үүний жишээг Ардчилсан намын гишүүд тэргүүлэн үлгэрлэж буй.

Тодруулбал Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээ эртнээс зарлаж, тус дүүргийн иргэдэд гүн дурлаад буй О.Магнай хууль бус  сонгуулийн ажлаа бүр 9 дүгээр сараас хийж эхэлсэн. Уулзалтад ирсэн хүмүүстээ сонгууль, иргэдийн сонголтын талаар лекц уншиж, тусламжийн бараа тарааж түүнийг дуурайж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нэгж тарааж, Г.Баярсайхан нүүрс өгч, УИХ-ын гишүүн Д.Ганбат нутгийнхандаа хөнгөн цагаан усны сав барьж, Хөвсгөлд Л.Энх-Амгалан 10 кг-аар нь гурил тараалаа. Гишүүдээсээ эхлээд хуулиа зөрчиж, сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа нам иргэдээ хуулиа мөрд гэж шахах нь зүйд нийцэх үү.

Сонгуулийн хууль

35 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа

35.1.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа энэ хуулийн 29.12, 29.13-т заасны дагуу нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ.

29 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх

29.1.Тойргийн хороо тойрогт нэр дэвшигчийг, Сонгуулийн ерөнхий хороо тойрогт нэр дэвшигчээс бусад нам, эвслээс нэр дэвшигчийг тус тус бүртгэнэ.

29.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь энэ хуулийн 26.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн хугацаанд багтаан тойрогт нэр дэвшигчтэй холбогдсон дараах баримт бичгийг тойргийн хороонд ирүүлнэ:

26.1.Сонгуульд оролцох нам, эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

  Уг нь өнөөгийн мөрдөж буй хуулиар сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлэх заалттай. Намын сурталчилгаа ч мөн ялгаагүй. Гэвч Ардчилсан нам эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна уу эсвэл ард иргэдээ даапаалж байна уу. Ямартай ч далд сурталчилгаа хийж, сонгууль ойртсоныг тодоос тод сануулаад авлаа. Энэ удаагийн сонгуульд АН-д ер нь халгаатай байх магадлал өндөр бий. Улс төрийн тогтворгүй байдал, улс орны иргэдийн амьдралын төвшин, төрийн албаны сулрал,  төрлийн албаны сүлжээ гээд тэдэнтэй тооцоо бодох олон асуудал бий. Ардчилсан намынхан ч өөрсдөө үүнийгээ мэдэхийн дээдээр сайн мэдэж байгаа. Тиймдээ ч алдаагаа умартан, арга ядсан заль хэрэглэж байна. Дээрээ суудлаа олохгүй, доогуураа гүйдлээ олохгүй гэдэг ч энэ дээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл