Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг хойшлуулах болсон шалтгаанаа тайлбарлаж, олон хүний дургүйцлийг хүргээд авсан.
Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэх санал ахмадуудаас Сангийн яаманд их ирж байгаа учраас энэ хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэсэн. Үүнийг сонссон ард түмэн болон сөрөг хүчин, намын гишүүд нэлээд эсэргүүцэж байгаа. Харин өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хуулийг хүчингүй болгох шалтгаанаа ийнхүү тайлбарлав. Тэрбээр хэлэхдээ "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юу” гэж бодоод, их муухай юм бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас Насны хишиг гэдэг тэтгэвэр олгоё гэж байгаа юм. Би урт наслах тусмаа төр засгаас тэтгэврээ авах юм шүү гэж бодох ёстой" гэлээ. Хамтын тэтгэврийн хуулийн талаар Сангийн сайдын хэлсэн “онигоо” намжиж амжаагүй байтал Ерөнхий сайд нь хүртэл хөгшдийн хүлээж байгаа тэтгэврийн талаар санал бодлоо хэллээ. Ерөнхий сайдын үгээр бол чи хурдхан өнгөрчих юм бол чиний тэтгэвэрийг би авна гэсэн үг бололтой.