Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг худлаа хэлж айлын унага тамганы найранд аваачсан улмаар хүчирхийлсэн хэрэг нийгмийг цочироогоод байгаа билээ.
Хэрэгт холбогдсон Ханбаатар гэгч нь 1984 онд төрсөн төрсөн, Батлан хамгаалах их сургуулийг төгсөөд нэгэн цэргийн ангид ажилд орсон ч бусдыг зодсон гэх шалтгаанаар ажлаасаа гарсан талаарх мэдээллийг бид хүргэсэн. Б.Ханбаатар нь нутгийн иргэдийн ярьж буйгаар архи уухаараа агсан, эхнэрээ нэг бус удаа зодож хүүхэдтэйгээ хөөж гаргаж байсан гэх. Улмаар эхнэр О нь нөхөртөө хөөгдөж сумандаа бусдын байшин хөлсөлж амьдарч байгаад хотруу хүүхдээ аваад явсан аж. Харин одоо Х.Ханбаатартай ханилж байгаа бүсгүй нь дээд боловсролтой, цэцэрлэгийн насны хоёр охинтой.
Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгчийг саатуулан шалгаж байгаа бол сэжигтэн Ариунболд гэгчийг гадуур байцааж байгаа. Сэжигтэн Б.Ханбаатарын хувьд машиндаа согтуу, тасарсан байдалтай олдсон бөгөөд тэрбээр анхны мэдүүлэгтээ “Маш их согтсон байсан болохоор юу ч санахгүй байна” хэмээн мэдүүлсэн удаатай. Түүнийг Төв аймгийн урьдчилан цагдан хорих төвд саатуулсан байгаа юм. Тэрбээр Баянчандмань сумын Засаг даргын орлогчийн албыг 2013 оноос хойш хашиж байгаа аж.
Харин өнгөрсөн долоо хоногт хохирогч бүсгүйтэй УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл очиж уулзсан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эмнэлгийн асуудлыг нь хариуцаж туслаж байгаа бол Ц.Оюунгэрэл гишүүн хууль зүйн зөвөлгөө авах буюу өмгөөлөгч авахад нь туслах гэнэ.
Учир нь энэ хэрэгт сэжигтэнээр татагдсан Б.Ханбаатар, Г.Ариунболд нар хоёр хоёр өмгөөлөгч авсан гэнэ. Нутгийн иргэд хэрэг гарсаны дараах нь Г.Ариунболдыг ихээхэн хэмжээний зээл хөөцөлдөж байгаа талаар ярьсан. Тэд хохирогч бүсгүйд туслах гэж байгаа талаар ярьж байсан ч мань хүн хэргээс мултарахын тулд ийнхүү хоёрын хоёр өмгөөлөгч авчээ. Харин хохирогч бүсгүй маань ганцхан өмгөөлөгчтэй, дахиад нэг өмгөөлөгч авах гэсэн ч төлбөрийг нь дийлэхгүй байгаа аж. Тиймээс хохирогч бүсгүйд эмэгтэй гишүүд өмгөөлөгч авахад нь туслахаар болсон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ. “Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Гэмтэл өөрөө асар их ачаалалтай ажилладаг. Тэгээд ч эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх хагалгаа, эмчилгээг хийсэн учраас эмнэлгээс гаргамаар байна гэсэн. Гэхдээ хохирогч маань өөрөө байнгын хэвтэрт, орноос босч чадахгүй, өвдөлттэй байгаа учраас өөр эмнэлэг рүү шилжүүлсэн. Хүний санаанд оромгүй зэрлэг үйлдэл гаргасан.
Хохирогч бүсгүй маань нарийн гэдсээ тайруулсан. Дотор эрхтэнийг нь төмрөөр сийчээд хаячихсан, давсгийг нь хоёр газар цоолсон байсан. Эндээс болоод нарийн гэдэс нь үтрээ рүүгээ цувчихсан байдалтай эмнэлэгт ирсэн талаар эмч нь ярьсан. Үхжих магадлалтай байсан учраас гэдсийг нь тайрсан гээд маш хүнд хагалгаанд орсон. Мөн хүчтэй зодуурын улмаас уушгинд нь цус хурсан гэсэн эмчийн дүгнэлт гарсан байсан. Үр хүүхэд төрүүлэх тал дээр асуудал байхгүй. Азаар саванд нь ямар нэг гэмтэл байхгүй юм билээ. Эмчтэй нь уулзсан. Биеийн байдал нь одоо харьцангуй сайжирч байна. Өнөөдөр /өнгөрсөн баасан гараг/ Улсын нэгдүгээр эмнэлэгт шилжүүллээ.
Гэмтлээс гарвал шууд харьяаллын дагуу Төв аймаг руу шилжүүлчихдэг. Гэхдээ Төв аймаг руу ойрын хугацаанд очих шаардлагагүй гэж харж байгаа. Яагаад гэвэл, тухайн газар нутаг дээрээ эрх мэдэлтэй албан тушаалтнууд ямар ч дарамт учруулж магадгүй гэж бид хардаад байгаа юм. Мөрдөн байцаалтын явц, асуудал хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг эмэгтэй гишүүд анхааралтай ажиглана. Хэрэгт холбогдсон Баянчандмань сумын удирдах албан тушаалтнууд сүүлийн үед хохирогч бүсгүйн талаар янз бүрийн буруу мэдээлэл цацаж байгаа. Бараг л биеэ үнэлэгч байсан мэтээр зохион байгуулалттай, хоёр эрэгтэй хүнтэй зэрэг явдаг байсан юм билээ гэдэг мэдээлэл цацаад эхэлчихсэн. Хөөрхөн улаан хацартай, юугаа ч мэдэхгүй л охин. Би лав тэр бүсгүйг хоёр эрэгтэй хүнтэй зэрэг уулзаж байсан гэдэгт итгэхгүй. Малчин айлын эвдрээгүй хүүхэд харагдсан. Өмөөрөх хүнгүй гэдгээр нь тэд охиныг дээрэлхэж байна” гэжээ.