Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар татвар нэмэх асуудлаар гишүүд саналаа хэлж байна. Зарим гишүүд татвар нэмэхийг дэмжиж байгаа бол зарим нь эрс эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан татвар нэмэх асуудлаар саналаа хэлэхдээ “Манай улс мандан бадарч явах үедээ баялаг ихтэй байсан. Үүнийг хэсэг нөхөд хувааж идээд өнөөдөр чинээлэг хүмүүс болжээ. Уг нь хэлний зүйгээр нь авч үзвэл чинээлэг хүмүүс гэдэг нь чин элэгтэй хүнийг хэлдэг. Чин элэгтэй хүн гэдэг бол түмэн олноосоо хэзээ ч юмаа харамладаггүй. Гэтэл одоо том том эмнэлэг шиг байшинтай хүмүүс зөндөө байна. Бөмбөгөр цагаан гэрээ бариад 5 үнээ, 20-30 ямаагаа саагаад амьдрах цаг ирсэн. Та нар өнөөдөр инээж болно. Ойлгох цаг ирнэ. Та нар байшингаа хүүхдүүдэд зориулсан эмнэлэг болгож өгөөч. Тавтар нэмэх асуудал чинь иргэдэд ерөөсөө таалагдахгүй ээ. Хуучин үзэл баримтлалаараа явах юм бол нийгэм биднийг өршөөхгүй. Хөрөнгө оруулна гэж яриад байна. Алт, эрдэнэс, байгаль эхээ ухаж гадныханд зарахыг л хэлээд байна. Хөрөнгө гэдэг чинь хүйтэн хөндий зүйлийг хэлдэг юм. Эдийн засаг гэдэг чинь эд юмаа засаад явахыг хэлдэг юм. Гэрээ бариад амьдарцгаая хүмүүсээ. Та чин элэгтэй байх эсэхээ өөрсдөө шийдээрэй” хэмээн хэллээ.
С.Жавхлан: 20-30 ямаагаа саагаад амьдрах цаг ирсэн
2016-09-02 18:27:00