8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын дарга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

2015-12-09 12:28:00

 Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан Элчин сайд нарт баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. Түүнчлэн энэхүү уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, тогтмолжуулж байгаа нь Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл, энэхүү арга хэмжээ нь хоёр талын хамтын ажиллагааны чухал, байнгын механизм болон хөгжиж буйд баяртай байна хэмээн хэллээ.
 
Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх явдал гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, Гадаад бодлогын үзэл баримтлалд Европын Холбоог “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлсон болохыг онцлов. Мөн тэрээр “Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Энэхүү харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзэл, боломж талуудад бий. Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах нь хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэлээ.
 
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурал 09 дүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан болохыг уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга дурдсан юм. Түүнчлэн 2016 онд Улаанбаатар хотноо болох Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр чуулган, АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлд Элчин сайд нарын дэмжлэг чухал болохыг тэмдэглэлээ.
 
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар болон батлагдсан хууль тогтоол, шийдвэр, хэлэлцэж буй зарим хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын дарга дэлгэрэнгүй танилцуулж, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулт өгөв.
 
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар,  Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,  Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нар, албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл