Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Уг хуулийн төсөлд төсвийн зардлыг хэмнэх зорилготой хэд хэдэн зохицуулалт орсон байна. Үүний нэг нь шүүгчдийн цалингийн зардлыг танах асуудал аж. Тодруулбал, 2015 оноос шүүгчийн албан тушаалын цалинг 2.7 сая төгрөгөөс 3.3 сая төгрөг болгон баталсан байна. Тэрбээр энэ талаар "Өнөөгийн шүүгчийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгаа нь хуулийн зарчимд нийцэхгүй байна" хэмээн үзсэн байна. Иймд нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгасан аж. Ингэснээр 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг цалингийн зардлаас хэмнэх боломжтой юм байна.
Б.Чойжилсүрэн: Шүүгчийн цалин хэт өндөр байгаа нь хуулийн зарчимд нийцэхгүй
2016-08-24 12:37:00