Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонслоо. Түүнчлэн Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өгсөн.
Хүүхдийн мөнгөний тухай:
-2016 оны улсын төсвөөр баталсан Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, одоогоор олголт нь зогсоод байгаа. Иймд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгалаа.
Ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэйгээр үргэлжлүүлэх:
-Орон сууцны ипотекийн зээл тойрсон ойлгомжгүй байдлыг цэгцэлж, иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх хувилбарыг судалж, танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгалаа.
Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тухай:
-Татварын хяналт шалгалтаар акт тогтоогдсон аж ахуйн нэгжүүдийн төлбөрөө төлөх хугацааг сунгах, хувааж төлөх, төлбөрөө төлөх тодорхой хугацаа олгох, хэрвээ данс нь хаагдсан бол дансыг нь нээж үйл ажиллагаагаа явуулж торгууль төлбөрөө барагдуулах бололцоо олгохыг судалж шийдэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.