8o
Улаанбаатар хот
mobile menu

“ТАРИАЛАНЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН – 2016" ӨНДӨРЛӨЛӨӨ

2016-04-13 09:00:00

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Тариаланчдын улсын зөвлөгөөн” Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү зөвлөгөөнөөр газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, 2016 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарт тохиолдож буй эрсдлийг бууруулах арга зам, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх боломж, хөнгөлттэй зээл олгоход тавигдах шаардлага зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдав. “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-д тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгж түүнчлэн салбартай холбоотой ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох нийт 500 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөний үеэр албаны хүмүүс тариалан эрхлэгчдийн дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудал болон түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр тариаланчид Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн олон бодлого, зорилтыг дэвшүүлсний дотор хаврын тариалалтыг дэмжин хөнгөлөлттэй зээл олгох болсонд сайшаалтай байгаагаа илэрхийлж байсан юм.

Зөвлөгөөний төгсгөлд ХХАА-н сайд Р.Бурмаа Монгол орны эдийн засгийн гол тулгуур болох газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тариаланчдыг Төрийн дээд одон медаль, салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.

“Тариаланчдын улсын зөвлөгөөн” зохион байгуулагдсан өдөр тэнгэр хангай нар, хураа тэгш хайрласан өдөр байсанд тариаланч олон билэгшээлтэй хандаж, ургац арвин байхын ерөөлтэйгөөр энэ удаагийн зөвлөгөөнийг өндөрлүүлсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл