8o
Улаанбаатар хот
mobile menu

СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААС АТГА АМУУ Ч ХУРААХГҮЙ ШҮҮ

2016-04-05 17:00:00

Газар тариалан эрхлэгчид сонгуулийн жил айхтар улстөрждөг. Энэ жилийн улстөржилт  тариаланчдын хүрзтэй  жагсаал гэнэ.   Үүнийг “Бид бусдыг бодвол хаалтын гэрээ, захиалгат нэвтрүүлэг хийдэггүй” гэцгээж, бусад хэвлэлээ доош хийж байдаг Монголын толгой баян Чинбатын Монгол HD телевизээр өдөр шөнөгүй сурталчилж байна.  Газар тариалангийн улстөржилт тариаланчдад хэзээнээс ээлгүй байсаар ирсэн юм. Улс төр, үйл явцын гэрч, халуун цэг дээр нь хэзээнээс сурвалжилж, мэдээ мэдээлэл хүргэсээр ирсэн “Өдрийн сонин” энийг байнга л тариаланчдад анхааруулж байдаг. Э.Бат-Үүл баатар 2000 оны сонгуулиар    Сэлэнгэд нэр дэвшиж ялагдав. 2002 оны арваннэгдүгээр сарын 5-нд 100 трактортой жагсаал Сүхбаатарын талбайд хийнэ гэж бужигнуулсан. Нэг ёсондоо улс төрийн акц маягийн юм хийж, Төв, Сэлэнгийн тариалангийн газрыг тариаланчдад нь өгөхийн төлөө  жагсаж тэмцсэн.  Тэр үед газар тариалангийн хамгийн үржил шимтэй хэсгийг нь хуучин коммунистууд авчихсан байлаа. Иргэнд газар өмчлүүлэх хуульд мөнгөтэй л бол хэн ч, ямар ч хэмжээний  тариалангийн газар авах заалт явж байсан. Яг энэ үед  газар тариалангийн бүсэд амьдарч байгаа тариаланчдад, газар тариалангийн бүсэд насаа элээсэн, иргэдэд тариалангийн талбайгаас тодорхой хэмжээний газрыг үнэгүй олгох ёстой гэсэн шаардлага Э.Бат-Үүл тэргүүтнүүд тавьсан юм. Өмнө нь малчдад малыг, орон сууцтай иргэдэд байрыг нь үнэгүй өгчихсөн байв. Ингээд тариаланчдад газрыг өг гэдэг шаардлагад  үнэмшсэн тариаланчид салга улаанаа унаад,  газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв аймгийн  хэдэн сумаас Сүхбаатарын талбайд  ирсэн  ч бүтэлтэй юм болоогүй.  Хамгийн дээд тал нь  39 трактортой л  жагссан байдаг юм.  Өнөөх 100  трактортой жагсана гэж зарласныхаа  талд нь ч хүрсэнгүй. Ид хүйт тачигнаж эхэлж байсан үе. 2002 оны арваннэгдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө өнөөх хэдэн таркторыг нь бүгдийг нь журмын хашаа руу зөөчихсөн байж билээ.

Ингээд тариаланчид төр засгийн өч төчнөөн хаалт, шахалт туулаад өнөөх хэдэн трактороо журамлуулж, журмын хашаа, жолооны үнэмлэхний төлбөр  гээд бөөн юм болж, хэдэн трактороо эвдүүлж, хохироод л буцсан юм. Улстөрч улс төрөө хийгээд УИХ-ын гишүүн болох замаа засаад хэдэн муу тариаланч гавьсан зүйлгүй хэд хоногийн ажлаа алдаж, хэдэн төгрөгөөр хохироод л дууссан юм даа. 2008 оны сонгуулийн өмнө С.Баярын санаачилсан Атрын гуравдугаар аян баахан дуулиан тарив.  Аян зарласнаас хойш Хөдөө аж ахуйн салбарыг  Т.Бадамжунай хариуцаж байсан цаг. Цоо шинэ, гайхалтай нээлт хийчихсэн мэт хөөрцөглөж, 1960 оны  атрын аян дахин давтагдлаа гэсээр ёстой нэг өөд уруугүй сурталчилсан. Хэдэн тариаланчид нь хөөрч баярлаад бидний асуудлыг дэвшүүлж тавилаа, одоо л манай салбар юун мал аж ахуй, Монголыг тэжээнэ гэлцэж өнөөх аянг нь жигтэйхэн сүр дуулиантай рекламдахад хошуу нэмэрлэцгээсэн. Газар тариалангаа өөд татах гэж, тариаланчдад буян болох ажил хийх нь гэж  баахан рекламдсаны дараа үр дүнд нь томчууд  уринш, шатахууныхаа зардлыг  төрөөс гаргаж, жаахан тарьсан тарианыхаа  хураасан хэмжээг нь худал мэдүүлж, улсаас урамшуулал авч, тэр маягаар хурдан хүлэг, хул шиг хөөрөг авч баяжсан хүмүүсийн төлөөлөл бол Л.Чинбат, Л.Цандэлэг нар. Өчигдөрхөн тэд толгойгоо ногоон даавуугаар боочихсон жагсах тухайгаа зарлаж, 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохыг засгаас шаардаад сууж байна лээ.

Тэргүүн баян Л.Чинбат, Л.Цандэлэг нар  хүрз барьсан 10 мянган тариаланч жагсаана гэнэ. Наадуулынхаа хөлд үрэгдэв ээ, тариаланчид аа. Эд нар тариа тарихгүй байсан ч хотойхгүй улс.  Харин тариаланч та нар тариагаа тарихгүй бол хоолгүй болно шүү. Сүхбаатарын талбайгаас атга амуу ч хурааж авахгүй. Тэнд жагслаа гээд жагсаал зохион байгуулагчид л ашиг унаж байснаас жагсаж байгаа хэдэд ашиггүй. Та бүхэн тариалангийн талбай дээрээ хөлсөө дуслуулж байж л  жаахан тариа хурааж авдаг биз дээ.  25 тэрбумыг Засгийн газар тариаланчдад хуваах сурагтай. Бодвол үгэндээ ордог тариаланчдад л өгөх байлгүй дээ. Талбай дээр очиж зогслоо гэж урамшуулах гээгүй л  байлгүй. Тариаланчид та нар хаваржин улс төр хийлээ гэж бодъё. Хаваржин талбай сахиж, төр засаг руугаа хашхирлаа гэж бодъё. Сайндаа л Р.Бурмаагийн булган дээлийг тайлна биз. Нэг ёсондоо давхар дээлтэй гэгдэх сайдынх нь албанаас л буулгана биз. Ингэлээ гээд хүүхдийн тань  сургуулийн төлбөр олдох уу. Ингэлээ гээд  хоолтой хонох уу. Үүнийг нэг бодолцоорой. Баян улсыг дагаж хохиров оо. Та нар л хохирно уу гэхээс цаад баян тарган хүмүүс чинь наашаа харж та нарын төлөө санаа тавьж байгаа гунигт харц шидээд л, цаашаа харж чимээгүйхэн мушийгаад  та хэдийг хаврын хавсарганд жагсаасныхаа шимийг хүртээд арилж өгнө шүү. Эцэст нь хэдэн муусайн тариаланчид та нар л  хохироод үлдэнэ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас тариаланчид жагсана, цуглана гэсээр  гуравдугаар сард талбай дээр буудайгаа асгаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Уг нь идэх уухаараа тоглодоггүй гэж хуучны хүмүүс ярьдагсан. Муу ёр, буянаа барна л гэдэгсэн.  Ер нь бол Р.Бурмаа сайд чанартай буудайнд урамшуулал өгье гэснээс хамаг хэрэг мандсан л даа. Чанартай чанаргүй, цавуулагтай, цавуулаггүй байх нь байгаль цаг уур, өөр юу ч билээ, олон юмнаас шалтгаалдаг гээд муу буудай байсан ч урамшуулал авах гээд л өнөөх тонн тутамд өгдөг зуун мянгын урамшууллаа авна гэж зүтгэж хэл ам татлаад салахаа байсан. Ингээд л жагссан.

Мөн гурил, буудайнд импортын зөвшөөрөл их өгснийг эсэргүүцсэн. Үнэн хэрэгтээ импортынх нь чанартай, хямд болж таараад гурил үйлдвэрлэгчид дотоодын биш импортынхыг илүү авах сонирхолтой болчихсон.

Энэ жил газар тариалангийн салбарын тэргүүн баячууд  тариаланчдын нэрийг барьж  дахиад л  төрөөс  нэхээд суучихлаа.  Угтаа хувийнх нь бизнес. Улс гэхдээ аль боломжоороо л дэмжиж ирсэн.  Бусад салбарынхан  хөнгөлөлттэй зээл урамшуулал нэхээд суудаггүй. Эд нар л эрх хүүхэд шиг үргэлж нэг юм нэхэж,  гомдол санал хэлдэг.  Импортын квотоо болиулахгүй бол, хөнгөлөлттэй зээл өгөхгүй бол     жагсана гэлцээд байна. Уг нь бид чөлөөт эдийн засгаар явах замыг сонгосон.  Чөлөөт эдийн засаг гэдэг чөлөөт өрсөлдөөн байдаг.  Тэгж өрсөлдөж чадахгүй бол энэ бизнесээсээ гарч болно шүү дээ. Тариа тарих сонирхолтой хүмүүс байж л байгаа. Монопол эрхтэй хэдэн компани тариаланчдын нэрийг барьж төр лүү давшилсны гор нь тариаланчдад муу юу гэхээс өөр бусдад муу нөлөө үзүүлэх нь юу л бол.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment