8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАРИАЛАНЧДАД 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

2016-04-05 12:00:00

Өнгөрсөн зуны хувьд тариалангийн бүс нутагт хур бороо багатай, гантай, салбарын хувьд хүндхэн жил болж өнгөрсөн. Тиймээс ХХААЯ өнгөрсөн зунаас эхлэн энэ жилийн хаврын тариалалтад анхаарч, бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн бөгөөд энэ жил тариаланчдад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил дуусч, хэрэгжүүлэх шатанд орсон байна.

Гантай байсны улмаас тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд тодорхой хэмжээний ургацаа алдаж, эрсдэл хүлээсэн нь энэ хаврын тариалалтад хүндрэл үүсгэж болзошгүй байдал үүсгэсэн. Тиймээс хаврын тариалалтын эргэлтийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээлийн асуудлыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зүгээс УИХ, Засгийн газарт санал оруулсан юм. Үүний дагуу Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоол гарч,  Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2 хүртэл жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн билээ.

Тэгвэл  Хөгжлийн банкнаас 2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад 2 жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгох шийдвэрийг гаргажээ. Энэхүү зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах бөгөөд ХХААЯ-ны зүгээс тариалан эрхлэгч 1500 гаруй иргэн, аж ахуй нэгж, компаниудын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлээд байна. Зээлийг Худалдаа хөгжил, ХААН, Голомт зэрэг арилжааны банкуудаар дамжуулан олгох тул тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд зээлийн материалаа бүрдүүлэн банкуудад хандах боломжтой.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл