Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт нийтдээ зургаан удаа зарлан дуудах хуудас өгөөд байгаа билээ. Тэрбээр АТГ-т нэг ч удаа очиж мэдүүлэг өгөөгүй байгаа бөгөөд улс төрийн том хэрэг дээр ажиллах өмгөөлөгч олдохгүй байна хэмээн тайлбарласан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч... өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Н.Энхбаярт АТГ-аас өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн.
Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны зүгээс иргэн Н.Энхбаярыг өмгөөлөх хүсэлтэй 4 өмгөөлөгч байгааг илэрхийлсэн байна. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой боллоо.