АН дотроос намын дарга цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх чансаатай чадалтай эрхэм хэн байх бол. АН Их хурлаа арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулахаар товлоод байгаа. Харин ҮЗХ энэ сарын 5 буюу энэ баасан гаригт хуралдахаар болсон байна. ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлах юм. Одоогоор намын даргад хэн хүч үзэх, бүлэг фракц хэнийг дэмжих талаар аль хэдийн ярилцаад эхэлжээ. Тав дахь өдөр болох ҮЗХ-аар намын даргаа тодруулж, 12 сард болох Их хурлаараа намын даргаа батламжлах учиртай. Намын дарга болсон эрхэм 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн хүч үзнэ. Одоогоор тус намаас Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, МоАН Лу.Болд, МҮДН-ынхан Д.Эрдэнэбатыг, Алтангадас фракц Я.Санжмятавыг, Шонхорчууд С.Эрдэнийг сойх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл байна. С.Эрдэнийг намын дарга болгох тухай мэдээлэл өмнөх ҮЗХ дээр ч мөн яригдсан асуудал. Өнгөрсөн долдугаар сард болсон АН-ын ҮЗХ-ын хурлын үеэр нэгэн сонирхол татахаар зураг олон нийтэд дэлгэгдсэн.
Тус хуралдаанаар АН-ын даргыг томилох тухай, АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч тус хуралдаан цуцлагдаад байсан. Энэ үеэр нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар С.Эрдэнэ рүү хатуухан үг чулуудсан. Тэрээр хэлэхдээ "Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэж байх уу" хэмээн хэлсэн. Энэ үйл явдалын гэрчилсэн дээрх зураг олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Дээрх нэр дэвшсэн гэх эрхэмүүдээс харахад сайн нэгэн байхад саар нэгэн ч бас байна. “Шонхор” болон МоАХ-ныхон С.Эрдэнийг намын дарга болохоор зүтгүүлэх магадлал өндөр. хэрвээ С.Эрдэнэ намын дарга боллоо гэхэд Ардчилсан намын зодоон улам ширүүсэж, АН ирэх 2020 онд ялалт байгуулна гэж итгэхэд хэцүү. Тус намын дарга хэн болох вэ гэдгээс АН-ын хувь заяа, Ерөнхийлөгчийн сонгуулийн зураглал харагдах учиртай. Нөгөө талаас АН-ын даргад нэр, гар цэвэр, хийсэн бүтээсэн зүйлтэй,ариун мөртэй эрхэм байх учиртай. АН-ын дарга боллоо гэхэд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарахгүй хийсэн зүйлээрээ ард түмнээс оноо авах нэгэн байх ёстой. Алтангадас”, “Шонхор”, “МоАХ”, “Нэг ардчилал”, “МоАН”, “МҮДН”, “Кроун” гээд амбиц ихтэй олон фракциуд хэнийг сойх, хэн нь АН-ын дарга болохоос эхлээд дараа дараагийн зүйл тодорхой болж ирнэ.