Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайдтай үйл ажиллагаагаа явуулна хэмээн зурагласан. Мөн үүнээс гадна 13 дэд сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар болсон. Өчигдөр П.Сэргэлэнг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 96.9 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 56 нь П.Сэргэлэнг сайдаар томилохыг дэмжив. П.Сэргэлэн нь 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгсчээ. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан байна. Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
Мөн Барилга хот байгуулалт /БХБ/-ын сайдаар Г.Мөнхбаярыг томилуулах тухай саналыг хэлэлцэн гишүүдийн ихэнхи дэмжсэн. Г.Мөнхбаяр нь 1989 онд ОХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Барилга, дулаан хангамжийн мастер, Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй юм. Тэрбээр 1989-1990 онд Нийтийн ахуйн үйлчилгээний яамны Туршилт, тохируулгын ангид инженер, 1990-1991 онд Найрамдлын районы 6 дугаар конторт инженер, 1991-2004 онд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт техникч, инженер, ерөнхий инженер, дарга, 2004-2007 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ерөнхий менежер 2007-2008 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус ажиллаж ирсэн байна.
А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдаар, П.Ганхүүг Эрчим хүчний сайдаар томилохыг гишүүдийн 88.7 хувь нь дэмжин баталлаа. А.Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд Удирдлагын академи төгссөн. 1988, 1992, 1997 онд Анагаах ухааны дээд сургуульд арьсны эмгэг эс судлаачийн чиглэлээр, 2006 онд БНСУ-ын гоо засалч эмчийн чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой юм. Тэрбээр 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвд их эмч, 1988-2003 онд Арьсны өвчин судлалын үндэсний төвд тасгийн эрхлэгчээр, 2003 оноос Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа юм байна.
Сайд нарынх нь 7 нь УИХ-аас томилогдсон бол 9 нь парламентын гаднаас томилогдлоо. Ийн МАН-ын хэлдэгээр Мэргэжлийн Засгийн газрын танхим бүрдлээ. Одоо МАН-д дэд сайдуудыг нэр дэвшүүлэх ажил үлдээд байна. Дэд сайдуудыг намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.