Өчигдөр АТГ-аас Н.Энхбаярт зарлан дуудах хуудас өгсөн талаар мэдээлэл хүргэсэн. Энэ үйл явцтай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр намын байрандаа шуурхай хэвлэлийн хурал зарласан байна. Тэрбээр шуурхай хурлын үеэр “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн тайлбар мэдээ хүлээж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлж балмад аашилж гарлаа. Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуульд бичсэнчлэн өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хоёрдугаарт, заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно. Энэ байр сууриа АТГ-т хэлсэн. Ерөөсөө хүлээж авахгүй шинжтэй байсан.
Өмгөөлөгчийн хувьд улстөрийн зохиомол хэрэг учраас хамтран ажиллахаас айгаад өмгөөлөгчид татгалзаж байна. Улс төрийн үйлчилгээ үзүүлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс би Өмгөөлөгчдийн холбоонд эр зоригтой, хуулиа сайн мэддэг, ур чадвар өндөртэй өмгөөлөгч олж өгөөч гээн бичгийг өмнө нь явуулсан байсан. Өнөөдөр дахин явууллаа.
Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна” гэсэн байна.
Н.Энхбаяр: АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө
2016-07-26 10:09:19