Үл мэдэх этгээдүүд Алматы хотын төвд байрлах Дотоод хэргийн яамны байр руу халдахаар завдаж, буудалцаан үүсгэсэн байна. Үүний улмаас гурван хүн амиа алдсан бөгөөд тэдний хоёр нь цагдаа, нэг нь энгийн иргэн байжээ. Мөн цагдаагийн долоон албан хаагч эмнэлэгт хүргэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан Алматы хотод террорист аюулын хамгийн өндөр буюу улаан түвшинг зарлаад байна. Онцын шаардлагагүй бол иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хотын эрх баригчид анхааруулжээ.Буудалцаан болсон газрыг цагдаагийнхан бүслэн авчээ. Халдлага үйлдсэн этгээдүүд хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч орон нутгийн хэвлэлүүд экстремист бүлэглэлүүд халдлагыг зохион байгуулсан гэж мэдээлжээ.