МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, аймгуудын засаг дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэв. Өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны дарга нар болон Засгийн газрын бүтцийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч дээрх асуудлыг хэлэлцэлгүй хуралдаан өндөрлөлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун удахгүй Отгонтэнгэр хайрханы тахилгад явах тул түүнээс өмнө Засгийн газрын бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Тэгэхээр МАН-ын удирдах зөвлөл маргааш дахин хуралдаж, Байнгын хороодын дарга болон Засгийн газрын бүтцийг хэлэлцэх бололтой. Дашрамд дуулагахад, энэ сарын 20-ны дотор багтаж Засгийн газрын сайд нарын томилгооны асуудал УИХ-аар эцсийн байдлаар хэлэлцэгдэх ёстой гэдгийг эх сурвалжууд онцолж байна.