АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо болж байгаатай холбогдуулан нийслэлийн ерөнхий байдлыг теле камераар бүхэлд нь хянаж байна. Тухайлбал, Замын цагдаагийн газрын 60, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 34, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 17, нийслэлийн дүүргүүд дэх Цагдаагийн газар, хэлтсийн 626, зочид төлөөлөгчдийн байрлах 36 зочид буудлын гадна талд 86 нийт 1100 орчим теле хяналтын камерийг байрлуулсан байна.
Үүнтэй холбоотойгоор хамгаалалтад ажиллаж байгаа хөтөч болон цоожлогч, хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудад суурилуулсан зүг чиг тодорхойлогч буюу GPS, хотоос гадагш зохион байгуулагдсан үйл ажиллагааг шууд дамжуулах явуулын камерыг Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабт тус тус холбон нэгдсэн хяналттай болгож, үйл ажиллагааг бүрэн хянан ажиллаж байна.
Мөн Шуурхай удирдлагын штабын техник тоног төхөөрөмж, нэг болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, хамгаалалтын иж бүрэн хувцас, зөөврийн болон теле хяналтын камер, таблет, ухаалаг дэлгэцийг ашиглан, үүрэг гүйцэтгэж байгаа аж. Энэ үеэр галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд хяналт тавих, гэрээт харуул хамгаалалтын хэрэгслийн программ хангамж мэдээллийн системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна.