Өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа сонгуулийн хуулиар бол УИХ-ын сонгууль болохоос 6 сарын өмнө тойрогт хандан элдэв олон нийтийн арга хэмжээ зохион багйуулах, санал асуулга явуулах, эд зүйл тараахыг хориглосон байдаг. Энэ хуулийн хугацаа 2016 оны 1 сарын 1-ээс эхлэнэ. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн зарим нөхдүүд аль хэдийнэ нэрээ дэвшүүлэхээр сонгосон тойрогтоо "ажиллаад” эхэлсэн талаар бид мэдээлсээр байгаа билээ. Тодруулбал АН-ын ҮЗХ-ны гишүүн, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай ирэх сонгуульд нийслэлийн СХД-т нэр дэвшихээр "Дэм дэмэндээ” аян нэрээр "сонгуулийн сурталчилгаа”-гаа аль хэдийнэ эхлүүлсэн. Тэрбээр аяныхаа хүрээнд СХД-гийн иргэдэд хувцас тарааж, нүүрс өгсөн. Ядарсан иргэдийг ядмаг аргаар худалдаж авахаар санаархсан түүнийг энэ үйлдэлд “Монголын төр НҮҮРС тараасан хүндээ ХАТУУ ханддагийг уруул Магнай мэдэхгүй л байндаа” хэмээн шоглосон байдаг. Гэвч ядуу буурай амьдралтай ард иргэдийн саналыг гутал хувцас, түлээ нүүрсээр дамжуулан худалдан авч, сонгуульд ялан улс төрч болох амархан гэж бодож байгаа О.Магнайгийн араас АН-ын зарим гишүүд оржээ. Өмнөх нь нүүрс тарааж, ядарсан иргэдийг алалцуулж намынхаа рейтингийг унагахад хүргээд байхад араас нь “хашир бурхинууд” хүч нэмэн орж ирж байгааг “сонгууль” гэж л ойлгогдохоор байна.
Хамгийн хачирхалтай нь хэдхэн жилийн өмнө иргэдэд нүүрс тарааж болохгүй хэмээн Төрийн ордны индэр дээрээс хашгирч байсан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр чингэлэг чинлэгээр нь нүүрс авчирчихсан тарааж байх юм. Тэрбээр энэ дүүргээс хоёр удаа сонгогдсон нэгэн. Чихэнд дээр ёстой цэцэг ургуулан барин гарч ирсэн ч түүнийг Чингэлтэйнхэн ёстой хорхойтой шүхэндээ зуучихсан байгаа. Гэтэл тэрбээр иргэдэдээ тал зассан уу яасан өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт нүүрс тараалаа. Мэдээж эдийн засгийн хүндхэн үед иргэдэд ганц шуудай нүүрс ч гэсэн дэм болж байгаа. Гэвч улс төрч хүн үзэл бодолдоо үнэнч, түүнийхээ төлөө тууштай зогсож, тэмцэх нь ухамсарын асуудал байлтай. Өчигдөр нь нэг юм ярьж, өнөөдөр нь түүнийгээ үгүйсгэвэл ёстой тараа таниулсан хэрэг болно. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан загасны санах ойтой аж.
Хоёр жилийн өмнө Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо анхны хуралдаан дээр хэлсэн үгийг нь ард түмэн одоо ч санаж байгаа. Тэр хуралдааны үеэр Г.Баярсайхан “Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг үүсгэхэд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь гэр хорооллын яндангаас ялгарч байгаа утаа. Өнгөрсөн намар Засгийн газар гэр хорооллынхонд хямд үнэтэй нүүрс хүргэхийн тулд Багануурын нүүрсийг зохион байгуулалттайгаар тодорхой цэгүүдээс түгээсэн. Нэг талдаа иргэдийн амьжиргаанд энэхүү нүүрсний нийлүүлэлт эерэг үр дүн дагуулсан ч нөгөө талдаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах УИХ, Засгийн газрын бодлоготой зөрчилдөж байгаа. Тийм учраас ирэх намар нүүрс тараах ажлыг Засгийн газар дахин зохион байгуулбал Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо дэмжихгүй” хэмээн ярьсан байдаг. Гэтэл хоёрхон жилийн дараа өөрийн зурагныхаа урд бор бор шуудайтай нүүрс тавьчихсан “Халуун сэтгэл” хэмээн тараан суух гэж.
Магадгүй тэрбээр сонгогчдодоо энэ мэтээр “кок” авах гэж Засгийн хийх ажлыг эсэргүүцэж байв уу. Ер нь сүүлийн улс төрчид загасны санах ойтой болчихсоныг сонгогчид нь хэлсээр буй. Гэвч тэд сонгогчидоо, иргэдээ, ард түмнээ “тэнэг” гээд бодчихож.
Санал авахаар улайрч байгаа эрхэмүүдэд хандаж хэлэхэд өнөөдөр чинь 21-р зуун. Тусламжийн хувцас, нүүрсхэнээр иргэдийг молигдож, Төрийн ордонд суух санаархал чинь аль хэдийнэ үеэ өнгөрөөсөн сурталчилгаа. Үүнийхээ оронд иргэдээ яаж бага үнээр нүүрсээ худалдаж авах, түүхий нүүрсийг яаж боловсруулж, эх орондоо үлдээх талаар дуугарахсан...
Б.Тайван