Төрийн ордны хажууд байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын үнэ 24 тэрбум төгрөгт хүрч, түүнийг Абдул Карим гэгч эрхэм эзэмших эрхтэй болсон талаар сүүлийн өдрүүдэд шуугисаар байгаа. Үүнтэй холбоотойгоор үнэ цохиж авсан Абдул Каримын талаар янз бүрийн мэдээлэл хөвөрч эхэлсэн. Тухайлбал, түүнийг шонхорын наймаачин, Араб руу хил давуулдаг бүлэглэлийн толгойлогч гэх баримт бий. Тиймдээ ч “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаагаар авсан тэрхүү мөнгөнийх нь эх үүсвэрийг шалгах ёстой гэх мэдээлэл хөвөрсөн юм. Тэгвэл Абдул Карим “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авахаас татгалзсанаа мэдэгдсэн. Абдул Каримын энэ шийдвэрт “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг цочирджээ. Ингээд түүнд өөрийн хуудсаараа дамжуулан захидал бичсэн байна. Тэрбээр “Абдул Карим гуайд... “Эрхэм ах таны захидлыг сая уншлаа. Тэгээд энэ мэдэгдлийг бас үүгээр хийхгүй бол болохгүй нь ээ. Юуны түрүүнд би таны саяхны хувьчлалд иргэний зориг гарган оролцож, ялсан явдалд баяр хүргэж, талархал илэрхийлье.
...Хэвлэх үйлдвэрийн дуудлага худалдааны дараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн сувгаар ярилцлага өгөх үеэрээ болон хэвлэлийн бага хурал дээр би АЛИВАА хувьчлалд оролцогчийн жинхэнэ эзэн мөнгөний эх үүсвэр тодорхой байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Буруу үг, хэллэг хэрэглэсэндээ хүлцэл өчье.
Хувьчилсан хөрөнгийн эзэн нь ил, мөнгөний цаана ямарваа буруу гарын нөхөд байхгүй гэдгийг бид, Монгол Улс, баталгаажуулах ёстой гэдэгтэй та санал нэгдэх байх. Гэхдээ энэ асуудлыг хэт өрөөсгөл байдлаар хүлээн авч, намайг огт тооцоолоогүй өнцгөөс буруутгах, шүүмжлэх явдал гарсан билээ.
Монгол Улсын хуулиар газрыг зөвхөн Монголын иргэн өмчлөх эрхтэй билээ. Би хувьчлал явуулж байгаа нөхдийг зөвхөн үүнийг л баталгаажуулахыг л хүссэн. Та Монгол Улсын иргэн тул хувьчлалд оролцсон мөнгөндөө татвараа төлсөн үү гэдгийг баталгаажуулахыг л хүссэн. Энэ бол аль ч иргэний хувьд тавьж болох шаардлага гэж үзэж байна. Та ч үүнтэй санал нэгдэх байх. Хууль бол хууль. Энэхүү дуудлага худалдааны үр дүнгээс татгалзаж байгаа явдалд би харамсаж байгаа. Нуух юун - цочирдсон. Гэхдээ таны тайлбарыг мөн хүлээж авч байна. Монголчууд бидэнд эв нэгдэл хэрэгтэй. Газрын дараачийн эзэнд ч мөн адил шаардлага тавигдах ёстой. Энэ нь Монголын өмч хувьчлалын цаашдын ажилд жишиг, шугам болох ёстой гэдэгт би хатуу итгэж байна. Яг одоо Монголчууд бидэнд алдах эрх байхгүй. Ингээд таны цаашдын ажил, амьдралд амжилт хүсье. Таныг хүндэлж ёсолсон, Монгол Улсын иргэн Чулууны Ганхуяг ” гэсэн байна.